“Жаргаагүй нар” өнөөдөр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

“Жаргаагүй нар” өнөөдөр хөшгөө нээнэ

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг өнөөдөр /2016.11.04/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хөшгөө нээнэ.

Энэхүү жүжгийн нээлтийн тасалбар хэдийнээ дууссан бөгөөд их зохиолч Д.Нацагдоржийн тэмдэгтэн шагналтнууддаа 5000 төгрөгийн хөнгөлөлт олгож байгаа ажээ. Мөн үүрэн телефоны “Юнител”-ийн хэрэглэгчиддээ 100 GG-гээрээ тасалбарын үнийн дүнгээс 5000 төгрөгийн хөнгөлттэй үнээр уран бүтээлийг үзэх боломжтой юм байна.

Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байгаа билээ.

“Жаргаагүй нар” жүжгийн нээлтийн үеэр их зохиолчийн амьдрал, уран бүтээл, хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулах нь ээ. 

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж