П.Цагаан: Ардчилсан намд хүчилтөрөгч хэрэгтэй болсон байна

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Ардчилсан намд хүчилтөрөгч хэрэгтэй болсон байна

Ардчилсан намыг шинэчлэх ёстой, үүний тулд гишүүдээсээ асуудаг, гишүүдээ сонсдог, гишүүдээрээ шийдүүлдэг байя гэдэг санаачлагыг тус намыг үүсгэн байгуулагчдын нэг П.Цагаан гаргаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл дарга төвтэй биш, гишүүн төвтэй нам болгон өөрчлөх ёстой гэж тэрээр үзэж буй. Тэгээд ч эрийн цээнд хүргэлцсэн намаа эрс шинэчилж, дахин сэргээхийн төлөө намын даргад нэр дэвшихээ ч мэдэгдсэн. Намдаа мэдлэг, туршлагаа зориулахын тулд төрд хашиж байсан өндөр албан тушаалаа ч хүлээлгэн өгөөд байгаа. Тэрээр өнгөрсөн сар гаруйн хугацаанд орон нутагт ажиллаж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид болон намынхаа гишүүдтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсож яваад ирж. П.Цагаантай ярилцсанаа хүргэе.

-Намын даргад өрсөлдөх шийдвэр тань олонд ил болсон. Гэхдээ яагаад гэдэг асуултад тодорхой хариулт нэхэх хүн олон байгаа. Намын даргад яагаад өрсөлдөх болсноо тодруулж өгөөч?

-Ардчилсан нам бүхлээрээ нэг л цул нэгдэл байх ёстой юм. Гэтэл дотоод эрч хүчийг нь барсан баахан фракцтай болчихсон. Сонгуульд ард түмнээр дүнгээ ч тавиулчихлаа. Ард түмэн биднийг та нар шинэчлэгд, бас эв нэгдэлтэй бай гээд арын эгнээ рүү суулгачихлаа. Аливаа шинэтгэлийг тэр тухай цээжилсэн, сонссон хүн биш, харин түүний зайлшгүйг ухаж ойлгосон сэтгэлтэй хүн л үр дүнд хүргэхийн төлөө тууштай явдагийг олон удаа ажигласан. Тэр хүн нь Цагаан юм байна гэж үзсэн. Журмын олон нөхөд ч дэмжсэн.

Танаас өөр хүмүүс ч намаа шинэчилнэ гээд ханцуйгаа шамлаад яваад байх шиг байна?

Ихэнх нь Ардчилсан намыг ийм байдалд оруулсан хүмүүс юм шиг байгаа юм. Дээлээ сольчихоор шинэ хүн болчихгүй л дээ, харамсалтай нь. Өөртөө зориулан дүрэм зохиож, түүнийхээ хүчээр хувийн нөлөөгөө л хадгалахыг хүсээд байх шаардлага байна уу? АН дорвитой шинэчлэгдэхгүй бол Монгол Улсын эрх ашигт ч хор хөнөөлтэй. Үүнийг тэр хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Тэр хүмүүс гэж та хэнийг хэлж байна вэ?

-Фракц нэрийн дор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг хайрцаглаж Ардчилсан намыг муухай харагдуулж, хүчгүй болгож байгаа хүмүүс.

-Тэр хүмүүсийг нэрлэж болохгүй юу?

-Бүгд мэдэж байгаа юмыг давтаж хэлээд яах вэ. Тэгээд ч нэр хэлж, зүсэлж загнах одоо чухал биш. Хамгийн гол нь одоо байгаа байдлаас намаа гаргах гарцыг олж, хүний тухай биш намаа бодох, ярих ёстой.

-Та өнгөрсөн хугацаанд намаасаа хэр хол байв?

-Холдоогүй ээ. Ойрхон байсан. Тийм ч болохоор гишүүдээсээ асууя. Гишүүдээрээ шийдүүлье гэж яриад байгаа юм. Сая би 5000 км зам туулж, 11 аймгаар орж, олон мянган жирийн иргэн, намын гишүүдтэйгээ уулзлаа.

-Тэд юу ярьж байна?

-Чадамжгүй болсон Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, АН-ыг эрс шинэчилмээр байна гэж ярьж байна. АН хэдэн хүнд барьцаалагдчихсан, гар хөлөө тушуулчихсан юм шиг харагдаж байна гэж шүүмжилж байна. Манай намын жирийн гишүүд фракцын толгойлогч нараас илүү намынхаа, улс орныхоо хувь заяанд санаа зовж байгаа нь мэдрэгдсэн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн Ардчилсан намд ч хэд хэдэн фракц байсан. Харин сонгуулийн дараа гишүүд хоорондоо ярилцаад, олон нийтийн дэмжлэг авч чадсан хүнийгээ л намынхаа дарга болгоё гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн нь сайхан санагдсан. Гэтэл манай төв намд ямар ч ахиц дэвшил, эрүүл саруул хэлэлцүүлэг ч алга. Юу хийх гээд байгаа нь ч ойлгомжгүй. Хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон, ой санамж нь сааталд орчихсон, ухаан балартсан хүн шиг л байна. Хүний тархи хүчилтөрөгчийн дутагдалд ороод байвал санах ойгүй болж, хамгийн хайртай дотны хүнээ ч танихаа больдог альцгеймерийн өвчин гэж айхтар өвчин бий. Ардчилсан намд өнөөдөр хүчилтөрөгч хэрэгтэй болсон байна. Саяхан манай АН-ын партизан сахал Батчулуун манай нам муудаж өмхийрсөн тогтоол ус шиг болсон байна гэж шүүмжилж байна лээ. Энэ хэвээрээ цааш сажилбал улам л илжирч ялзарна гэдгийг жирийн гишүүд ойлгож, ярьж сануулж, шинэчлэлээ даруй хийхийг шаардаж байна. Тэднийгээ сонсох хэрэгтэй, тэдний дуу хоолойг хүндлэх хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй.

-Хамгийн сүүлд Ардчилсан нам хэзээ гишүүдийнхээ үгийг, шийдлийг сонссоныг та санаж байна уу?

-1996, 2000 онд сонсч байсан.

-Бараг 20 жилийн өмнө байна шүү дээ?

-Харин тийм. Тэр үеийг бодоход манай гишүүд ухаажиж, хэрсүүжсэн. Дээр нь, мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад нийт иргэдийн улс төрийн боловсрол, мэдээллийн хүртээмж илт сайжирсан. Тийм болохоор гишүүд маань өөрсдөө Ардчилсан нам гэдэг хөлөг онгоцныхоо ахмадыг сонгох цаг болсон. Гишүүддээ тийм боломж олгох ч хэрэгтэй. Нам бол цөөн хүний өмч биш. Нүүдэл хийх гэж байгаа бол жингийн цувааныхаа хөтчийг эхлээд сонгох ёстой шүү дээ. Харин тэр итгэгдсэн хүн нь цаашид ямар дүрмээр, аль замаар явахаа боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлэх, шийдүүлэх үүрэгтэй. Одоо бол хөлгөө буруу залж мөсөн уул шүргүүлчихсэн хүмүүс өөрсдөө дахин ахмад болохын төлөө улайрч байна. Тэднээс одоо шинэ санаа гарах уу?. Шинэ гарц санал болгож чадах уу? Чадах байсан бол тийм боломж өмнө байж л байсан. Өнөөгийн эзэнгүй айл шиг байдал цааш үргэлжилбэл зүгээр л тэр чигт нь мөсөн уул дахин мөргүүлж бүрмөсөн сүйрүүлэх аюул нүүрлэж байна гэдгийг гишүүд аль хэдийнээ мэдэрчихсэн байна. Үүнийг нам доторх Залуучуудын шинэчлэлийн хөдөлгөөнүүд, Анхдагчдийн шаардлага, ардчиллын хойморь Хөвсгөлийнхөний уриалга, Булганчуудын түрлэг гээд гишүүдийн идвэхи нотолж байна.

-Таны бодлоор “капитан”-ы төлөө яг яаж өрсөлдөх хэрэгтэй вэ?

-Арав хүрэхгүй хүний тохироо, хуйвалдаанаар биш, гишүүдийнхээ саналаар л шийдье гээд байгаа юм л даа. Жишээ нь Ардчилсан намын даргад таван хүн нэр дэвшлээ гэж бодьё. Тэгвэл тавуулаа орон даяар хамт явна. Шинэчлэлийн бодлогоо танилцуулна. Ярилцана, мэтгэлцэнэ. Тэдэнд намаас адил боломж олгоно. Тэгш хандана. Аймаг болгоноор явна. Нэг аймагт нэг өдөр санал хураалт болно. Ингэхдээ аймаг, дүүргүүдийн УИХ-ын мандаттай хувь тэнцүүлсэн онооны нийлбэр дүнгээр тодруулна. Жишээ нь УИХ-д 3 суудалтай Архангай аймаг 30, УИХ-д 4 суудалтай Баянзүрх дүүрэг 40 оноотой байна. Архангайн АН-ын гишүүдийн 50 хувийн дэмжлэг авсан нэр дэвшигч 15 оноо авна. Баянзүрх дүүргийн гишүүдийн 25 хувийн дэмжлэг авсан хүн 10 оноотой гэх мэтээр тоологдоно. Хамгийн их дэмжлэг авсан нь Их хуралдайгаар ёсчлогдоно. Ингэвэл улс даяар АН-ын гишүүдийн урам зориг сэргэж, намын үйл ажиллагаа эрс идвэхжихээс гадна 2000 оны АН-ын сунгааны алдаанаас зайлсхийж чадна.

-Ардчилсан нам хэдхэн хүний барьцаанд орчихсон гэв үү?

-Тийм л дээ.

-Хэний, юуны барьцаа байх вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Огцорсон ч юм шиг, үгүй ч юм шиг, хууль ёсны ч юм шиг, үгүй ч юм шиг, тамгатай ч юм шиг, тамгагүй ч юм шиг, хуралдаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдалд оруулсан хүмүүс АН-ын үйл ажиллагааг гацаачихаад, барьцаалчихаад, хурлыг ч хийлгэхгүй, ҮЗХ-ны болон бусад гишүүдээ тохуурхсан юм шиг л аашилж байгаа биз дээ. Өнөөдөр хэн нь юу хийгээд байгааг хэлэх хүн лав олдохгүй байгаа. Арай л хэмээс хэтэрч байна. Зарим нь ч хууль бус, буруу зүйл хийж байгаад хаашаа ч хөдлөх аргагүй өөрсдөө барьцаалагдчихсан юм биш үү гэж хүмүүс хардаж байна . Ардчилсан нам хоргодох газар биш шүү дээ. Өнөөдөр гишүүд, нийгэм ч асар их боловсорч, ухаажсан байна. Ийм үед л зориглоод АН-д эргэлтийн шинжтэй цогц шинэтгэл хийх хэрэгтэй.

-Энэ саналыг олон нийт дэмжлээ гэхэд намын тань эрх мэдлээсээ салах сонирхолгүй байгаа цөөнх дэмжих юм уу. Таны хийхийг хүсээд байгаа намын даргын сунгаа нэг өдөр ойртсон юм шиг, нөгөө өдөр нь холдож замхарсан ч юм шиг л хөндлөнгөөс ажиглагдаад байна?

-Зөв л ажигласан байна. Сунгаа хийхээс эмээнэ гэдэг гишүүдээсээ айж байна л гэсэн үг. Тийм учраас Үндэсний зөвлөлдөх хорооны томсгосон хувилбар болох Их хурлаа хуралдуулах төдийхнөөр асуудлыг шийдэх гэж бодож байгаа хүмүүс ч байна. Сунгаа явуулахын цаана орон нутгийн намыг идэвхжүүлэх, гишүүдээ шинэчлэн бүртгэх, хариуцлагажуулах, урам зориг өгөх олон давуу тал бий. Их энгийн байхгүй юу. Манай нам ардчилсан гэдэг тодотголтой нам юм бол одоо гишүүдээрээ шийдүүлэх нь зөв. Цаг алдуулаад байгаа нь Ардчилсан намыг хорлох, дараагийн сонгуульд ялагдуулах цаанаас өгсөн үүрэгтэй нь ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.

-Та яагаад нэр цохож ярихгүй байгаа юм бэ?

-Бид хүний тухай биш намын, Ардчилсан намын ирээдүйн тухай, тогтолцооны тухай ярих хэрэгтэй гэдгийг давтаж хэлье. Үүний тулд шинэ дүрэм хэрэгтэй. Бодлого хэрэгтэй байна. Тэгэхгүй бол, хэн ч дагаж мөрддөггүй, хэн ч хүндэлж үздэггүй цаасан дээр л амьтай худлаа, сул дорой дүрэмтэй байж болохгүй. Манай намын дүрэм одоо яг ийм байгаа. Дээр нь, одоо нэг хэсэг хүмүүс гишүүдийн оролцоогүйгээр намын даргыг тодруулах гээд улайрч байна. Хэмжээг нь мэдэхгүй дээл эсгэж байгаатай яг адилхан. Тэр дээл томдох, багадах нь цөөнхөд ямар ч хамаагүй болчихсон. Ардчилсан нам гэсэн атлаа гишүүдээсээ эрхийг нь булаагаад авчихсан юм шиг л аяглаж байна. Гишүүдээсээ асууя. Гишүүдээ сонсоцгооё. Гишүүдээрээ шийдүүлье л дээ. Намаа ийм байдалд хүргэгсэд одоо намаа шинэчилнэ гэж яриад сууж байна. Ингэж болох уу. Энэ ариун явдал уу? Манай анхдагчид болохгүй бол гишүүд санаачилгыг гартаа авч АН-ын онц их хурал зарлан хуралдуулая, намынхаа нэрийг ч солье. Үндэсний Ардчилсан Нам болбол зөв гэсэн тодорхой санал ч хэлж байна лээ. Удирдлагагүй үйл явц өрнөх дөхөөд байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна шүү.

-Гэхдээ “Одоо боль” гэж хэлээд байгаа үгийн тань эзэд бүгд таны үеийнхэн. Тэр хүмүүсийн түүх хүссэн ч эс хүссэн ч ардчиллын анхны болон одоогийн түүхэнд бичигдэнэ. Гэтэл бодит байдал дээр тэр хүмүүс намаа өмхийрүүлсэн гэм бурууг үүрэх болчихоод байгаа нь танд харамсалтай санагдаж байна уу?

-Харамсахаар барах уу. Бухимдаж байна. Үүнд олон хүчин зүйл бий. Гэхдээ тэр хүмүүс бурууг бусдаас хайж байгаа нь буруу. Бидний нийтлэг үүрэг бол, эвдэрчихсэн Ардчилсан намыг дотроос нь засч хөдөлгүүр, ахмадыг нь шинэчлэх. Засахдаа ирэх гурван жилд зай завсаргүй дотоодод нь субботник хийж ажиллаад, дараагийн үедээ даргаас хамаардаггүй, дүрмээрээ явдаг, эвдэрдэггүй, гацдаггүй, байнга цус нь сэлбэгдэж байдаг нам болгоод хүлээлгэж өгөх хэрэгтэй.

Ардчилсан нам одоо л эрс шинэчлэгдэж, хүчтэй болохгүй бол Монгол Улс нэг намын дарангуйлал руу халтирч орох ч эрсдэлтэй болж байна. Тийм нөхцөл ажиглагдаад эхэлж. Үүнийг хазаарлаж чадахгүй бол манайхан эргээд нэг намын хүүхэлдэй болж хувирна. Тэгж ч эхэлж байх шиг байна. Ялагдсан намын дарга байсан нь дээр үү, ялсан намын цэрэг байсан нь дээр үү. Үүнийг ч гэсэн бодох хэрэгтэй.

-Таны хувьд аль нь дээр гэж?

-Мэдээж, ялсан намын цэрэг байсан нь дээр.

-Яагаад?

-Надад гавьяат хуульч, Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсан “Аливаа дарга гэдэг эрх ямба биш, хариуцлага гэж ойлгож бай” гэж хэлж байсан. Манайд эрх ашиг гэж харж байсан хүмүүс л намыг ийм болгосон. Миний хувьд хариуцлага хүлээж ажиллая л гэж бодож байгаа.

-Та Ардчилсан намын даргад өрсөлдөх шийдвэрээ яг хэзээ гаргасан юм бэ?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Хөвсгөлд ялагдаад буцаж явах үедээ шийдвэрээ гаргасан. Намынхаа дотоод нөхцөл байдал, фракцуудын зөрчил, аймаг дүүргийн намуудын хагарлыг ажигласан, мэдэрсэн бодолдоо үндэслэсэн. Намайг 1996 онд Хөвсгөлд очиход УИХ-д, аймагтаа манай намынхан ялчихсан бүх эрх мэдлээ авсан байсан. Гэтэл 20 жилийн дараа бараг бүгд гудамжинд гарчихсан, 8 жил лааз өшигллөө, ҮЗХ-ны гишүүнээ үзэлгүй 4 жил боллоо, намд байр ч алга гэсэн баахан гомдол тээсэн хүмүүс. УИХ-д нэр дэвших хүнээ ч тодруулж чадахгүй, бүгдээрээ тал тал тийшээ хараад суучихсан байсан. Миний хувьд Ардчилсан намын дэмжлэгээр өнгөрсөн он жилүүдэд олон сайхан хариуцлагатай ажил хийж, туг ч барилаа, тугал ч хариуллаа. Ийм их боломжийг, буян хишгийг хүртчихээд намаа ийм дорой байх үед нь тусалмаар санагдсан. Хүмүүс “Чи яах гэж ийм шийдвэр гаргаж байгаа юм. Тэр сайхан ажлаа орхиод ирдэг нь яаж байгаа юм. Ядаж Элчин сайд болохгүй” гэж хэлж байсан. Надад живж байгаа онгоцноос харх шиг зугтах ёс зүй алга. Харин ч живж буй онгоцыг авармаар байна. Яг ийм хүнд үед Ардчилсан намыг аварч, улмаар хүчирхэгжүүлэх ажлыг надаас өөр хүн илүү хийж чадмааргүй санагдсан. Одоо ч тэгж санагдаж байна.

-Таны талаар “Цагаан бол цагаан гартай” гэдэг яриа бий?

-Үнэхээр тийм. Би цагаан гартай, номын хүн.

-Намын дарга боллоо гэхэд мэдээж хүрз барьж талбайд гарахгүй байлгүй дээ, тийм ээ?

-Хүрз барих хэрэгтэй бол барина. Би малчны ч, ажилчны ч, сэхээтний ч амьдралыг мэднэ. Би хийнэ л гэсэн бол хийж чадна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Өнөөдөр морь унаад дэлхийн талыг эзэлнэ гэж байхгүй. Өнөөдөр аливаа үйлийг бүтээхэд мэдлэг боловсрол, ажлын чадвар туршлага, бас хандлага маш чухал. Эхний хоёр нь нэмэгдэхүүн, сүүлчийнх нь үржвэр ч гэгддэг. Тэгэхээр Монгол Улсын хөгжил дэвшил, улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг морь уралдуулаад биш, харин дэлхийн чиг хандлагад дүйсэн мэдлэгтэй, туршлагатай, ном уншсан хүн л баталгаажуулж чадна

Шулуухан хэлэхэд би аль ч ажилд хангалттай бэлтгэгдсэн хүн. “Хувиа хичээвэл тамд, нийтийн буяныг бодож амьдарвал диваажинд төрнө” гэсэн үг байдаг даа. Тэр дагуу л явж байна. Үндэсний эрх ашгаас өөр дээгүүр эрх ашиг гэж надад алга. Ер нь надад хоёр онцлох чанар бий. Шударга бус зүйлийг зөвшөөрч чаддаггүй. Шудрага бус үйлдэл, шийдвэрийн цаана шударга хүмүүс хохирч, зальжин хүмүүс завшиж байдаг. Тийм учраас би зарчим барихыг ямагт эрхэмлэдэг. Энэ зан маань зарим хүнд таалагдаггүйг ч мэднэ. Хоёрт, яагаад ч юм би Монголын түүхийн янз бүрийн цаг үеийн газрын зургийг цуглуулдаг. Тэр хэрээр улс орныхоо түүхийг сонирхдог, сайн мэддэг болсон. Монгол Улс маань аугаа , хүчирхэг хэрнээ бас их гунигтай түүхтэй. Одоогийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл түүх давтагдахыг ч үгүйсгэх аргагүй. Хэдийгээр “Түүх давтагддаг” гэж хэлдэг ч гэсэн тийм юм битгий болоосой гэж хүсч байна. Муу нь биш, сайн зүйл нь давтагдах ёстой. Гэтэл муугаас сэргийлэх Ардчилсан нам маань ийм дампуу, бодлогогүй явж байна.

-Магадгүй зарим нэг хүн өөрсдөө энэ цаг үеийн түүхийг дур зоргоороо бичихийг хүсээд байгаа юм биш үү?

-Черчиль “Түүх унш. Түүхээ унш. Түүхэн дотор бүх зүйл байгаа” гэж хэлсэн байдаг. Манай өвөг дээдэс ч ялгаагүй, түүхээ мэдэхийг нэн чухалчилж ирсэн. Шар туужид Эцэг, өвгөдийнхөө түүхийг эс үзэх нь Эх хүн үрээ орхиж гээхтэй адил гэсэн байдаг. Гэтэл манайхан түүхээ судалж ухаарал авч дүн шинжилгээ хийх нь битгий хэл унших ч үгүй байна. Арга ч үгүй биз дээ, бүхэл бүтэн хоёр үеийнхэн зохиомол уйтгартай түүхээр тарихаа угаалгачихсан юм чинь. Сүүлийн 100 жилд гэхэд л 1911 онд Богд хаант улс байгуулагдаж, монголчууд эрх чөлөө тусгаар тогнолоо сэргээсэн. Түүнийг 1919 онд Сү Шүй Жан ирээд татан буулгасан гэдэг. Гэтэл бодит үнэн нь манай парламентын дээд танхимын гишүүд нь Монголоо худалдсан байдаг. Эндээс л “Богц богц мөнгөөр Богдоо худалдсан ноёд” гэдэг дуу гарсан түүхтэй. Хувийн явцуу эрх ашигт нь тохирсон бялуу амлахад л Монголын автономит засгийг сөнөөн устгах гэдэг сонсоход ч чихэнд чийртэй аймшигтай тогтоолыг дэмжиж санал өгсөн нь гунигт, үнэн түүх. Ийм явдал давтагдахгүй гэх зуун хувийн баталгаа байна уу? Уг нь Монголын ард түмэн дөнгөж 1990 онд л хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэж ардчилсан хувьсгалыг хийсэн. Бүрэн эрхт байдлаа бүрэн утгаар нь олж авсан гэсэн үг. Гэтэл одоо тэр үеэс эрх чөлөөний төлөөх үзэл санаа, дархлаа суларч уруудаж байх шиг санагдахгүй байна уу.

-Гэхдээ та бол ардчилсан сонголтын боломжийг бүрэн ашигласан хүмүүсийн нэг нь мөн биз дээ. Хашиж ирсэн ажил алба, туулсан замналыг тань дүгнэж үзэхэд?

-Тийм ээ, үнэхээр хувь хүний хувьд бол гомдох юм байхгүй. Аль ч утгаараа. Тодорхой өндөрлөгт хүрсэн. Гэхдээ энэ болгонд хүрэхэд амар байгаагүй. Ядрах, өвдөх, шантрах, шаналах үе байж л байсан. Гэсэн ч би зүтгэсэн, хичээл зүтгэлээ дүүрэн ашигласан. Хамтарч ажиллаж байсан хүмүүс хаана ч тааралдсан их хүндэтгэлтэй ханддагийг хараад баярладаг. “Зураач хүн сайн зураач болохоосоо өмнө будгаа найруулж сурах хэрэгтэй” гэдэгчлэн би туслахаас эхлээд зөвлөх, дэд сайд, сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гээд нэр хүндтэй олон ажил, алба хашсан. Гэвч асуудлыг өнөөдөр илүү том зургаар хармаар байна. Монголоо ирээдүй хойч үеийнхэний нүдээр, тэдний эрх ашгаар хармаар байна.

-Та “Хүн ярихгүй” гээд байдаг. Гэтэл олонх нь “Монголд удирдагч, лидер хэрэгтэй байна. Гуравхан сая хүнийг манлайлж, нэг чигт нь харуулж удирдах лидер хаачив” гэдэг эрэлд гарах болж. Магадгүй зарим нь “Орос шиг, яг В.Путин шиг ийм хүчирхэг удирдагч манайд алга” гэх юм. Нэг ёсны олонхийн хүсэл, таны бодол хоёр зөрүүтэй санагдахгүй байна уу?

-Санал нийлэхгүй байна. Нэг хүн биш, харин бид гурван саяулаа мэдээлэлтэй, мэдлэгтэй, нэр хүндтэй, нөлөөтэй, дуу хоолойтой байх нь манай улсад чухал. Тэр цагт Монгол Улс хүчтэй байж чадна. Нэг хэлтэй, оюун санааны үнэт зүйл нэгтэй, бараг нэг шашинтай, хоёр их хөрштэй манай улсын хувьд бусад улсаас өөр. Ерөөсөө л Монголын онцлогт тохирсон засаг хэрэгтэй. Яагаад хүмүүс нэг хүчтэй хүнийг хүсэмжлэх бодолтой болов гэхээр намууд л тийм болгосон. Намуудын дэвшүүлсэн, томилсон хүмүүс нь олон түмний итгэлийг даахгүй, хөсөрдүүлсэнтэй л холбоотой. Монгол төрийн өндөр босго намссантай холбоотой. Намууд л босгыг нь намсгасан. Ардчилсан нам шинэчлэгдэхийн нэг шалтгаан нь ч энэ. Манай намаас төрд орох, дэвших хүмүүсийг сонгон шалгаруулдаг бие даасан хороотой болох хэрэгтэй гэж би яриад байгаагийн учир энд байгаа юм. Тэгэхгүйгээр өнөөдөр нэг нэгнээ муулсан хэрнээ маргааш сайн гэж ярихаар ард түмэнд яаж ч бодсон муухай харагдах нь ойлгомжтой. Төрд хэрэгтэй хүнийг биш өөртөө, фракцидаа хэрэгтэй хүнийг сонгоод байгаа нь л иргэдэд ийм бодол төрүүлж байгаа юм. Энд өөр улс орны тухай ярих нь зохимжгүй ч гэлээ, ОХУ Ерөнхийлөгч В.Путиний дараа яах вэ гэдэгт дийлэнх иргэд нь санаа зовж эхэлж байна. Тэгэхээр хүчтэй удирдагчийн эрэл хайгуул бол зөв хувилбар биш. Харин улс орноо зөв залж авч явдаг төрийн зүтгэлтнүүд тасралтгүй бэлтгэгдэж байдаг зөв механизмтай болох эрэлд л бид мордох хэрэгтэй.

-Та МоАХ-ын угшилтай. МҮДН-тэй ч дотно гэгддэг?

-Одоо хойшоо биш, урагшаа хармаар байна. Манай намд фракцалдаггүй цөөн хүний нэг нь би. Бүгдтэй нь адилхан л харьцдаг. Тухайн үедээ бол МоАХ талдаа байсан. Одоо ч тэгээд олон хуваагдаад байхгүй болсон шиг байна. Одооны фракцууд угшил гэхээс илүүтэй албан тушаалын сонирхол дээр нэгдсэн. Миний хувьд Ардчилсан намыг нэг том нэгдэл гэж үздэг. МоАХ-д татвар төлж явсан үе бий. “Алтангадас” фракц байгуулагдах үед анхны хурал дээрээ намайг урьж байсан. Би нэг удаа очоод дахиж очоогүй. Би угаасаа ийм хуваагдалд дургүй. Одоо фракцаа төлөөлж явна, гишүүн бүртгэнэ гэвэл толгойгоо ч хагалуулж мэдэхээр болсон байна л ээ шүү, фракцын дарга нараа. Гишүүд ууртай байна. Бид хуваагдах биш, эвлэрэх, цуглах, нэгдэж нийлэх талаар л ухаанаа уралдуулах цаг ирсэн. Үүнийг АН-ын гишүүд төдийгүй нийт нийгэм хүсч байна.

-Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бол салгаж ойлгох аргагүй биз дээ?

-Хамгийн сүүлд хамт ажиллаж байсан болохоор тэгэх л байх. Би хувь хүнд гэхээсээ илүү, төрд, төрийн тэргүүнд хүчин зүтгэж ажилласан. П.Очирбат Ерөнхийлөгчийн шадар туслахаар ч ажиллаж байсан. Одоо ямар хамтарч ажилласан гээд сайрхаад магтаад, аль эсвэл түрээ бариад байлтай биш. Шүүмжлэлтэй нь ч биш. Харин дараа дурсамждаа дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байгаа. Нэг хаалганаас гараад л нэг их цагааруулаад, аль эсвэл баахан харлуулаад байж болохгүй. Хүний мөс чанар гэж бий.

-Дурсамжиндаа мэдээж сайхнаар бичих байх. Тийм үү?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхийг үнэн, бүтэн болгох, монгол хэл, соёл уламжлалыг сэргээх, олон улсад нэр хүндийг өргөхөд, бас шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эхлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсандаа баярладаг. Ажил албан тушаалтай яваа хүнийг магтах хүн мундахгүй олон байдаг. Харин ажлаасаа буусных нь дараа л яаж байна вэ гэдгээр л хүнийг дүгнэх хэрэгтэй. Би ч гэсэн хүмүүсийг тэгж л дүгнэдэг. Албанаас буухад танихгүй хүн шиг аашилж өнгөрчихөөд сайд болсны дараа үүдэнд цэцэг бариад зогсож байсан хүн бас бий шүү. Сонин л юм билээ.

-Таныг Ерөнхийлөгчийг албанаасаа буухаар нь ажлыг нь бэлтгэж, Ардчилсан намыг хүлээлгэн өгөхийн тулд намын даргад үзэх шийдвэр гаргасан тухай бичиж, ярьж байна.

-Санаатай бичүүлж байгаа юм. Хэн бичүүлээд байгааг нь ч мэднэ. Монгол чинь цөөхөн хүнтэй улс ш дээ. Ер нь бол улс төрийн шийдэл эцсийн дүндээ хувь хүний өөрийнх нь л байдаг. Тэгж ярьж мушгиж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь л бодол, тархины багтаамж байх.

АН намайг дэмжиж итгэвэл би намаа Монголын ард түмний нам хэвээр байлгахын төлөө 2020 он хүртэл өөрийгөө зольж ажиллана. Шинэ намын даргын ажил, хүлээгдэж байгаа үүрэг асар их. Хавсарч буюу давхар дээлтэй хийж барах ажил ч биш. Болдогсон бол ирэх 3 жил 24 цагаар ажиллах тийм л их ачаалалтай ажил. Тэгж ажиллаж байж л дүрмээ дагадаггүй даргаас болж байр суурь нь ганхдаггүй, үйл ажиллагаа нь гацдаггүй, он-лайн, өдөр тутам тасралтгүй ажилладаг, өрсөлдөх чадвартай, улс төрийн шинэ соёлтой нам болгоно. Үүний тулд бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Дараа нь “Энэ дүрмийг, энэ тогтолцоог Цагаан зохиосон, аль эсвэл нэвтрүүлсэн шүү” гэж хэлүүлэх нь харин миний амбийц шүү. Та нар Ерөнхийлөгчөөс асуугаарай. Намын даргад хэнийг дэмжиж байгааг нь харин.

-“Би өрсөлдөх бодолтой бүгдийг нь дэмжинэ” гэж хэлсэн гээд Ерөнхийлөгч ярьчихсан шүү дээ. Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ. Анх таныг ажлаасаа чөлөөлөгдөж намын ажлын мөр хөөх тухайгаа хэлэхэд төрийн тэргүүн яаж хүлээж авсан бэ?

-АСЕМ дуусаад “Би одоо намын шинэчлэл рүү орлоо. АН маань шинэчлэгдэхгүй бол цааш явах замгүй болсон байна” гэж хэлэхэд “Үнэн яриад байгаа юм уу”, “Ажлаа яах юм” гэсэн. “Үнэн ярьж байна. Ажлаа өгнө” гэсэн. Ерөнхийлөгч бодолхийлснээ “Сонголтыг чинь хүндэтгэж байна” гэсэн. Би тэгээд л шуударсан.

-Та намд дүрмийн шинэчлэл хийнэ гэж байна. Гэтэл одоо дарга нарын тань ширээний шургуулганд өөр нэгэн дүрмийн төсөл байгаа. Та тэр төслийг олж харсан уу?

-Уг нь ҮЗХ-ны хурлын үеэр Дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэгт орно гээд бичээд өгсөн. Над шиг олон хүн байгаа. Гэтэл нууцлалын зэрэглэлтэй юм шиг л дуулдаад байна. За да тэгээд тийм бэлэн зэлэн төсөл байгаа ч юм уу даа. Тэгээд ч тэр нь хүнд зориулж дээл эсгэж байгаа л хувилбар байх л даа. Гишүүдийн санаа бодолгүй шинэчлэл гэж юу байх вэ дээ.

-АН-ын байран дээр очоод авья хэлж болдоггүй юм уу?

-АН-ын байр гэснээс, сэмэрхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг хөөрхөн хоёр давхар цагаан байртай байсан. Одоо гишүүд очих, цуглах өөрийн гэсэн байр ч байхгүй болсон.

-Нээрээ, АН-ын байр гэж Чингисийн талбайн хажууд байсан. Нураагаад хэдэн жил өнгөрчихсөн байх. Хашаа л хатгаастай харагдана лээ. Хэзээ баригдах вэ?

-Мэдэхгүй. Дарга нар гишүүддээ тайлагнах байлгүй дээ. Сая сонгуулийн үеэр АН-ын ажилтнууд дэн буудлаар л явж ажиллах шиг боллоо.

-Би нэр дэвшинэ, ялна гэж байгаа хүнээс “Та ялагдвал яах вэ” гэж асуух онцгүй санагдаж болох. Гэсэн ч хариулт авах ёстой л асуулт шүү дээ. Та ямар хариулт өгөх вэ?

-Ямар амиа хорлолтой биш дээ. Амьдарна шүү дээ. Надад хийх ажил зөндөө байгаа. Гаднын оронд “Эдийн засгийн зөвлөх хийх үү” ч гэж асууж байгаа. Надад гадагшаа явах бодол үнэхээр алга. Бурхан ч атаархам энэ сайхан эх орноо ийм хүндрэлтэй цаг үед орхиж хаашаа ч явахгүй, дайжихгүй. Харин засч залруулах, бүтээж босгох үйлст хувь нэмрээ оруулахыг л хичээнэ. Би ард түмэндээ тийм өртэй гэж боддог.

-Та намаа шинэчлээд залууст хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл тэр залуус өөрийн тань хэлээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болчихсон яваа нь харамсалтай хэрэг биш үү. Тэдэнд итгэнэ гэдэг эргээд цөөнхийн эрх мэдлийг л бататгах арга зам гэж харагдаж байгаа?

-Тэр залуусын буруу биш. Явж ирсэн арга зам нь тийм болгосон, тэгж харагдуулж байж магадгүй. Одоо харин залууст боломж олгох хэрэгтэй. Гинжнээс нь гэдэг шиг хүлээснээс нь чөлөөлөх хэрэгтэй. Би залуусыг байнга дэмждэг. Залуус ч зөв сонголт хийдгийг би олон удаа харсан.

-Та тэднийг чөлөөлөх юм уу?

-Залуусыг өмчилж байгаа хүмүүс хүлээсээ суллах хэрэгтэй. Залуус ч чөлөөлөгдөхийн төлөө тэмцэх хэрэгтэй, ямар хувцас бараа биш дээ. Хувь заяандаа эртхэн эзэн болсон нь дээр. Ер нь бол яг барьж хориод хүлчихсэн ч юм байхгүй л байх.

-Та залууст их ач холбогдол өгөөд байх шиг?

-Тийм. Залуу үеэ бэлтгэх, дэмжих, туслах гэдэг бүгд хариуцлагатай, харилцан уялдаатай байнгын үйл явц байх ёстой. АН-ын эгнээг залуусаар сэлбэх цаг болсон. Үүний тулд АН-ыг нээлттэй болгох ёстой.

-Яаж?

-АН-ын үнэт зүйлийг дэмждэг хүн аль нэг анхан шатны байгууллагын даргад хандаж АН-д элсдэг хүнд сурталтай биш, харин АН руу цахимаар эсвэл бичгээр хандахад л хангалттай. Хэн шинээр гишүүн болсныг нь төв нам тухайн анхан шатны байгууллага руу тухай бүрд нь мэдээлдэг байна. АН-ыг цахим нам болгох боломж байна. Гэтэл өнөөдөр ҮЗХ-ны гишүүд ээ ч бүрэн мэдэхгүй, маргаж суугаа нь хэлэхэд ч санаа зовмоор.

-Намтай шууд холбоогүй нэг асуулт асуумаар санагдлаа. Хүмүүсийг, залуусыг яаж таних вэ? Уулзаж ярилцах уу, анкетаар уу? УИХ-ын гишүүн байсан нэг хүн тухайн сургуулийг төгсөөгүй мөртлөө төгссөн гээд намтартаа худал бичиж байсан нь олон жилийн дараа илэрсэн. Анкет, амьдрал хоёр алд дэлэм зөрөөд байх шиг?

-Харин тийм ээ. Анкетыг нь сайн судалж, шалгах хэрэгтэй л дээ. Төрд сонгогдох, ажилд томилогдохдоо сураагүй сургуулиа сурч төгссөн гэж худлаа хэлнэ гэдэг бол бусдыг, ард түмнийг хуурсан гэмт хэрэг. Эмчийн мэргэжилгүй хүн хуурамч дипломоор хүн эмчилсэнтэй, эмчилнэ ч гэж дээ хорлосонтой агаар нэгэн зүйл. Бусад оронд тийм хүмүүсийг төрийн албанаас эгнэгт халах, торгох, шоронд хийх гээд тохирсон тохирсон шийтгэлтэй л дээ. Гэтэл манайд анкетыг нь уншвал сүрдмээр өндөр боловсролтой юм шиг мөртлөө амьдрал дээр ярьж хэлж байгааг нь харахаар нүүр улайх ч багадахаар зүйл ажиглагдаж, газар авах шинжтэй байна. Үүнийг зогсоох, цэгцлэх цаг болсон доо. Анкетаар л сургууль төгсөөд, боловсрол эзэмшээд, гадаад хэл сурчихдаг бол сургуулиудын хэрэггүй болно биз дээ. Чиний асуулт манай нийгэмд ужгирч байгаа гажуудлын нэг хэсгийг л хөндөөд байна. АН-ын шинэчлэл бол монголын нийгэмд хуримтлагдсан олон гажуудлыг засахын нэг чухал хэсэг, эхлэл нь гэж ойлговол зохино.

Та намаа, тэр олон фракцуудыг нэгтгэх хүсэл мөрөөдөлтэй байна. Таныг жирийн гишүүд хэр дэмжиж байна? Нэгтгэлээ гэхэд олон жил азаргалаад сурчихсан фракцын дарга нартай нь ажиллаж чадах уу?

-Бидний хооронд хувийн ямар ч асуудал байхгүй. Бид адилхан журмын нөхөд. Хамтраад, бие биенээ харилцан дэмжээд явахад болохгүй юм огт байхгүй. Сайн ярьвал садан төрөл гэдэг шиг л хүмүүс шүү дээ. Бид бие биесээ хүндэтгээд, хайрлаад, орхилгүй, гээлгүй хамтдаа л явахыг хичээх хэрэгтэй. Бид өөрсдөө хийхгүй бол хэн бидэнд хийж өгөх юм бэ? Энэ сорилтыг давж чадна гэдэгт би итгэдэг. Нөхөддөө ч итгэж байна. Сайн мэдээ дуулгахад, орон нутгийн сонгуульд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 аймгаар аялж, манай нэр дэвшигчид болон намын гишүүдтэй уулзаж, урам өгөхийг хичээлээ. Намын шинэчлэлийн санааг маш сайн дэмжиж байгааг мэдэрлээ. Шинэчлэлийн энэ санаа, төлөвлөгөө нурчих вий гэдэгт бас сэтгэл зовинож байгаа нь ч ажиглагдсан. Өөр нэг сайн мэдээ гэвэл АН-аас янз бүрийн шалтгаанаар салж явсан хүмүүс холбогдож намдаа эргэж ирнэ, бас танай нам яг өөрийн чинь хэлж байгаа шиг шинэчлэгдвэл элсэж орно гэж хэлэхийг сонслоо. Товчдоо, Монголын ард түмний ардчилалд, АН-д итгэх итгэл, горьдлого тасраагүй, бүрэн унтраагүй байна. Энэ боломжийг бид одоо л бүрэн ашиглах хэрэгтэй байна даа.

-Түрүүнд танаас “Сунгаанд ялагдвал” гээд асуучихсан. Жаахан бэлгэгүй асуулт болсон байж магадгүй. Харин ярилцлагаа “Ялсан тохиолдолд” гэдэг асуултаар өндөрлөе. Хэрэв та ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орж таараа. Харин танай намд нэр дэвших боломжтой хүн гэдэг жагсаалтад тодорч харагдах лидер нэг л харагдахгүй байна гэж хүмүүс ярилцах нь бий. Танд хариулт байна уу?

-Яагаад хүн алга гэж.

-Харин та л хариулах хэрэгтэй байна.

-Хүмүүс байгаа, байгаа. Хэн Э.Бат-Үүлийг, Р.Амаржаргалыг, Лу.Болдыг, Н.Алтанхуягийг хүлээн зөвшөөрөхгүй гэж. Цаашаа ч үргэлжилнэ. Том нам шүү дээ, манайх чинь.

-Э.Бат-Үүлийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан шүү дээ?

-Тэр улиг болсон асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нь ойлгомжтой шүү дээ.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Би Ардчилсан намыг эв нэгдэлтэй, шилдэг боловсон хүчинтэй, судалгаанд суурилсан бодлоготой, өргөн гадаад харилцаатай, ер нь бүх талаараа хамгийн сайн нам болгохын төлөө, ардчилал бол хариуцлага, бас ирээдүйн найдвар гэдгийг харуулахын төлөө гурван жил хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Түүнээс хойш ёстой төртэй, ам бардам хэлэх үгтэй, хийсэн шинэчлэлтэй хүлээлгэж өгнө гэж бодож байгаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж