Өр авлагаа бууруулаагүй захирлыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

Өр авлагаа бууруулаагүй захирлыг чөлөөлнө

Долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ньюс” агентлагаас “Яам, агентлагаар сонин юутай вэ” буланг уншигчиддаа хүргэдэг. Энэ удаад дараах агентлагуудыг онцоллоо.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР:

  • Ерөнхий сайдын харьяанд үйл ажиллагаа эрхэлдэг. Тус газрын захирлаар Ц.Ням-Осор ажиллаж байна.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоо 90 шүргэх болжээ. Гэвч эдгээр нь ашигтай ажиллахаас илүүтэй алдагдал хүлээж, өр нь 10.8 их наяд төгрөгт хүрсэн тул өр, зээлийн хэмжээгээ бууруулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга аж ахуйн нэгжүүдийн удирдлагад үүрэг болгожээ. Ингэхдээ давхар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Нэг жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд өр зээлээ бууруулж чадахгүй бол шууд чөлөөлөгдөх юм байна.


УЛСЫН ТӨСӨВТ 497.7 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР:

  • Сангийн яаманд харьяалагддаг. Тус газрыг Л.Зориг удирдаж байна.

Татварын хууль, тогтоомж, ebarimt, НӨАТ-ын урамшууллын системтэй холбогдох асуудалд хариулт өгөх, татварын өрийг дуудах зорилгоор Татварын ерөнхий газраас Татварын үйлчилгээний төвийг байгуулан ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд тус төвийн 1800-1288 тусгай дугаарын утсанд 18748 татвар төлөгч хандан, 133 татвар төлөгч биеэр ирж, татварын хууль, тогтоомж НӨАТ-ын урамшууллын системийн талаар зөвлөгөө авсан байна. Тус төвөөс 1.0 сая төгрөгөөс бага татварын өртэй татвар төлөгчийн өрийг дуудсанаар 1104 татвар төлөгчийн 497.7 сая төгрөгийг төлүүлэн, 968 татвар төлөгчөөс 514.5 сая төгрөгийн татварын өр төлүүлэхээр шийдвэрлэжээ.


ГУРВАН АЙМГИЙН БООМТЫГ ШИЛЭН КАБЕЛИАР ХОЛБОВ

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР:

  • Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг. Тус газрыг Д.Мөрөн удирдаж байна.

Ховд, Өлгий, Чойбайлсан аймагт агаарын замын боомтод “VSAT” буюу сансарын хиймэл дагуулыг ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байв. “VSAT”-ын сүлжээ нь хоцрогдол ихтэй, өртөг өндөр /1 цэгт 1.7 сая төгрөг/, ашиглаж буй тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй, албаны дотоод сүлжээг хязгаарлагдмал цагаар ашигладаг учраас шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс дээрх гурван боомтыг “ACCESS POINT” төхөөрөмж ашиглан агаараар шилэн камбельд холбосон байна. Боомтууд шилэн кабельд холбогдсоноор сүлжээний хоцрогдол арилж, цагийн хязгаарлалтгүйгээр албаны дотоод сүлжээг ашиглах, “E-immigration” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “ISM” системд холбогдох боломжтой болжээ.


УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРӨӨР БАЙЦААГДАХГҮЙ

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар саяхан санал солилцоод журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, ипотекийн зээлд хамрагдах болоход урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хаанаас бүрдүүлсэн талаар нотлох баримт бүрдүүлж өгөх шаардлагыг банкнаас зээлдэгчид тавьж, байцаалт авах шахуу юм болдог. Үүнийг банк шалгаахгүй, шалгахгүй, харин ипотекийн зээл хүсэгч нь өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаар зохицуулалт хийхээр болж, талууд нэгдсэн ойлголцолд хүрчээ.

Өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийн дийлэнхийг зогсоох шийдвэрийг УИХ, Мэргэжлийн Засгийн газраас гаргасан. Харин жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ Засгийн газар, мөн төв банк мэдэгдээд байгаа. Гэхдээ эх үүсвэр дутмаг, ипотекийн зээлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчны хугацаа нь дуусгавар болсон зэргээс шалтгаалж түр хугацаагаар зогсоогоод буй. Эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн нөхцөлд Монголбанкны хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр орж ирж буй 25-30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр санхүүжилт хийн, цусны сэлбэлт хийх боломжтой гэдгээ ерөнхийлөгч нь мэдэгдсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж