- Өнөөдрийн байдлаар төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоо 90 байна. Үүнээс гурван компани нь огт ажилладаггүй. Мөн сүүлийн дөрвөн жилд төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын орон тоо 15 хувиар буюу 5000 хүнээр нэмэгджээ.
- Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2016.11.02/ хуралдаж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.
Он дамжсан ч дуусаагүй өдийг хүрсэн 46 төслийг 2017 онд гүйцээхээр төлөвлөжээ. Энэ дундаа 2012-2013 оны төсөл ихэнх хувийг эзэлж байна. Он дамжих тусам төсөв нь дээд тал нь 6.4 дахин нэмэгджээ.
- Ам.долларын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалж доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирох болсныг өчигдөр иргэдийн “218.1 хөдөлгөөн”-өөс мэдээллээ. Тэд ам.долларын ханш одоогоос таван жилийн өмнө 1300 орчим төгрөг байсан. Гэтэл тэр үед 20 мянган доллар буюу 28 сая төгрөг зээлж авсан хүн өнөөдрийг хүртэл зээлээ тасралтгүй төлж байгаа ч эргээд 40 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж буйг онцолж байна.
- Монголбанкны БНХАУ-тай байгуулсан 15 сая юанийн своп хэлэлцээр 2017 оны наймдугаар сард дуусах юм байна. Тиймээс уг хэлэлцээрийг цаашид үргэлжүүлж, 25 саяд хүргэхээр төлөвлөж байгааг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ярилцав.
- "Глобал интернэшнл" төвд өнгөрсөн 2015 онд 42 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой 78 эрхийн зөрчил бүртгэгдсэн байна. Сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 70 хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байдаг ажээ.
Дэлхий нийтийн хэмжээнд ч сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдах тохиолдол их гарах болсон байна. сүүлийн 10 жилийн байдлаар 827 сэтгүүлч ажлын талбартаа өөд болсон бол зөвхөн энэ онд 70 сэтгүүлч амиа алджээ.
- “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж, эрүүгийн хариуцлага хүлээх байсан хэргүүдээ хэрэгсэхгүй болгосон тухай өчигдөр мэдэгдлээ.