Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” хэмээн нэрийдэх шийдвэрийг НҮБ-аас 2013 оны арванхоёрдугаар сард гаргажээ. 2014 оноос эл өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэй иргэдийн мэдээлэлтэй байх, нийгмийн асуудалд идэвхтэй оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах боломж олгож буй хэрэг аж.
УЛСТӨРЧИД МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ИЛҮҮТЭЙ ЗӨРЧДӨГ
Сэтгүүлчид бол иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө үүрэг хүлээсэн хүмүүс. Тэд нийгэмд үнэн зөв бодитой мэдээллийг хүргэх үүрэг хүлээдэг. Түүнээс биш сэтгүүлчид үнэмлэхүй давуу эрх, үнэмлэхүй боломж гэж огт байхгүй гэдгийг өчигдөр /2016.11.02/ болсон “Хожимдоогүй” хэлэлцүүлгийн үеэр “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал тодотголоо.
Нэг ёсондоо нийгэмд үнэнч боол мэт үйлчлэх үүрэгтэй сэтгүүлчид маань өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт сэлэмний ирэн дээр “гүйж явдаг” учраас НҮБ-аас “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг санаачилсан байх нь. ЮНЕСКО-гийн бүртгэснээр сүүлийн 10 жилд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж, мэдээлэл түгээснийхээ төлөө 827 сэтгүүлчийн амь насыг хохироосон хэрэг гарчээ. Үүнээс гадна бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан, сүрдүүлсэн, заналхийлсэн, дарамталсан, ажлын багаж хэрэгсэлд халдсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан, нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр саатуулж хорьсон хэрэг бол хэдэн мянгаар тоологдохоор гарсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн 2015 онд 42 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой 78 эрхийн зөрчил бүртгэгдсэн байна. Сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 70 хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байдаг гэдгийг "Глоб интернэшнл" төвөөс танилцуулж байна. Сэтгүүлчдийн хувьд мэргэжлийн ажлаа эрхэлснийхээ төлөө ийн шийтгүүлж байгаа нь угтаа иргэдийн мэдэх эрхийг хөндөж буй учраас зөвхөн сэтгүүлчдийн, эсвэл хэвлэл мэдээллийн салбарын асуудал хэмээн орхигдуулж болохгүй гэдгийг “Хожимдоогүй” хэлэлцүүлгийн үеэр онцолсон.
СЭТГҮҮЛЧ ЭРСЭДСЭН ШАЛТГААНЫГ ТОГТООХ УЧИРТАЙ
Манай улсад сэтгүүлч ажлын талбартаа, ажлаа хийснийхээ төлөө амь насаа алдсан тохиолдол одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ олон түмний дунд нэр хүндтэй, хурц асуудлыг хөндөн бичдэг, нийгэмд байр сууриа олсон сэтгүүлч, уран бүтээлчид учир битүүлэг байдлаар өөд болох нь ард олны дунд эргэлзээ тээнэгэлзэл, хардлага төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд NBS телевизийн захирал С.Наранбаатар, “Eagle” телевизийн сэтгүүлч М.Батдорж, ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Баярсайхан, “The Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа нарын сэтгүүлчид гэнэтийн байдлаар өөд болсон нь эргэлзээ төрүүлээд зогсохгүй хардлага үлдээсэн.
Нийгэмд үнэлэгдсэн сэтгүүлч уран бүтээлчдийн нас барсан шалтгааныг хууль хяналтынхан “өвчний учир” гэж тайлбарлаад таг чиг болсон нь хуулийнханд эргээд сөрөг имидж болж байгааг өчигдөр өрнөсөн “Хожимдоогүй” хэлэлцүүлгийн үеэр хөндөн тавьсан. Сэтгүүлчид өвдөж, эрсдэж болох хэдий ч гэнэт нас барсан шалтгаан нөхцөлийг баттай тогтоож нийтэд мэдээлэх ёстой байсан гэдгийг мөн үеэр тодотголоо. Идэр залуухан сэтгүүлч унтаагаараа зүрх нь зогссон нь удамшлын болоод бусад шалтгаан байсныг, нэртэй сэтгүүлч захын нэг таксины жолоочтой ам муруйснаас амиа алдсан нь баттай гэдгийг нотолж, иргэдэд мэдээлсэн бол өнөөдөр энэ асуудал дахин сөхөгдөхгүй байлаа. Гэртээ бага насны охинтойгоо амарч байсан эгэл нэгэн эмэгтэй дагзны ясаа цууртал унасан нь ердөө л азгүйтэл байсан гэж үү. Үзэг нэгт, үе чацуут нөхдийнхөө гэнэтийн эрсдлийг ийн хөндөх нь үнэнхүү харамсалтай байгаа ч дахиад ийм дайрлагад хэн ч бүү өртөөсэй гэснийх билээ. Хөгжингүй оронд бол сэтгүүлч өөд болохынхоо өмнө ямар бүтээл туурвисан бэ, но-той ноцтой баримт хадгалж байв уу, тэр өдөр хэнтэй уулзсаныг, юү идэж уусныг нь хүртэл тогтоож, нас барсан шалтгааныг хөдөлшгүй баримтаар тогтоогоод иргэдэд мэдээлдэг байна.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл учир битүүлэг үлдэж, гэмтнүүд нь ял шийтгэлгүй хоцрох хэрээр Монголын нийгэм дэх булингартсаар байна.