Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Театрын хамт олон ойн хүрээндээ олон том ажил хийж байгаагийн нэг бол Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан түүний амьдрал, тайзнаа зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийг үзэгчдэдээ бэлэн болгож өргөж байгаа юм. Энэхүү жүжиг энэ сарын 4-нд 19.00 цагт театрын тайзнаа амилан үзэгчдийн хүртээл болох юм.
УДЭТ-ын хамт олон, уран бүтээлчид өнөөдөр театрынхаа тайзнаа хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзан театрынхаа 85 жилийн ойд зориулсан арга хэмжээ болон найруулагч Ч.Түвшиний найруулгаар тайзнаа амилж буй “Жаргаагүй нар” шинэхэн уран бүтээлээ танилцууллаа.
Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.
Д.Нацагдорж зохиолчийн уран бүтээлээ туурвиж амьдарч байсан ид залуу үе нь байсан учраас тус театрын яг л тэдний насан дээр байгаа залуу уран бүтээлчид энэхүү уран бүтээлд сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгааг Ардын жүжигчин Н.Сувд онцолсон юм.
Уг жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч Ч.Түвшин шинэхэн уран бүтээлийнхээ талаар “Энэ жүжиг бол үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээл байх болов уу гэж бид харж байгаа. Яагаад гэвэл манай үзэгчдийн боловсрол их дээшилсэн бичиг номыг дээдэлдэг цаг үе ирж байна. Тэгэхээр үндэсний ухамсар, соёлоо дээдэлдэг үзэгчдийн эрэлт хэрэгцээнд Д.Нацагдорж гэдэг энэ түүхэн бодит хүний дүр үгүйлэгдэж байгаагийн сацуу тэр түүхэн он цаг сэхээтний үе Пагмадулам, Намдаг зэрэг дүрүүд үгүйлэгдэж байгааг анзаарч байгаа. Энэ дагуу драмын театрын уран сайхны зөвлөл, найруулагчдын зөвлөл, уран бүтээлчдийн мэдрэмж хөглөгдөж энэ бүхнийг тавих болсон театрынхаа хамт олонд баярлаж байгаагаа уламжлая. Энэ дүрүүд яалт ч үгүй түүхэн дүрүүд. Тэднийг судлах, дүрүүдийн боловсрол, амьдарч байсан ахуй, үзэл санаа тэмүүлэл дээр ажиллахыг хичээж байна. Зөвхөн бид энэ дүрүүдийн боловсролд бичсэн зохиол гэж ярихаасаа илүүтэй энэ дүрүүдийн хувийн амьдралын эргэлтүүд, хайр сэтгэлийн хандлагуудыг энэ жүжигтээ үзүүлэхийг зорьж байна. Мэдээж энэ жүжигт тухайн үеийн харанхуй сэтгэлгээг сөхөхөөс гадна өнөөдөр үгүйлэгдэж байгаа өнөөгийн нийгэмд давтагдаж байгаа мэдрэмжүүдийг гаргана. Бид эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан үнэний төлөө жаргаагүй нар үүрд дуурсагдах суут найрагчийнхаа тухай өгүүлэх жүжиг хийхийг эрмэлзэж байна” хэмээн ярьсан юм.
Мөн “Жаргаагүй нар” тайзны уран бүтээлийн нээлт, тоглолтын үеэр дэлгэх Их зохиолчийн амьдрал, уран бүтээл, хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхууллаа.
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийн талаар өгүүлэх “Жаргаагүй нар” жүжиг энэ сарын 4-нөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа долоо хоног үзэгчдийн хүртээл болох юм.
Г.ДАША
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ