АН-ын бүлэг Засгийн газрыг ингэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Засгийн газрыг ингэж дүгнэв

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт дүгнэлт хийсэн байна. Энэхүү дүгнэлтээ өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, танилцууллаа. Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нар оролцов.


УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-“МАН-ын сонгуулийн амлалт иргэдийг хуурсан мэхлэлт байсныг УИХ-ын ээлжит бус чуулган, Намрын ээлжит чуулганаас тодорхой харж болохоор байна. Засгийн газар наймдугаар сард найман төрлийн татвар нэмэх, 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгож бууруулах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, хүүхэд харах үйлчилгээний холбогдох хуулийн хэрэгжилтийг хойшлуулах, гадаадад суралцаж буй оюутны тэтгэлэг зогсоох зэргээр амлалтаасаа ухарсан. Энэ мэт Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоноход юу амжуулсан бэ гэдгээсээ ямар чадамжтай нь харагдаж байна. Өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр тайлагнаж байгаа нь “Мэргэжлийн” гэх тодотголтой мэргэжлийн бус арга. Үүнээс гадна намаар ялгаварлаж, хоморголон халах байдал, албан тушаалын наймаа газар авчээ. АТГ-аас үүнд хяналт тавьж харагдахгүй байна. Тиймээс АН-ын бүлэг илүү хатуу хяналт тавьж ажиллах болно” гэлээ.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ:

-“Өнгөрсөн 100 хоногт Засгийн газар эргэж буцсан олон шийдвэрийг оруулж ирсэн. Монгол Улсын хөгжлийн бодлого, ирээдүйтэй холбоотой олон шийдвэрийг УИХ, Засгийн газар дундаа хаясан. Үүнээс болж цаг хугацаа их алдсан. Иргэдийн амьдралд хувь нэмэр болох бодлого хэрэгжсэнгүй. Өмнөх Засгийн газрыг муулах, тэдний хийсэн сайн ажлын нэрийг сольж, тууз хайчлах замаар ажлаа явуулж байна. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт “хангалтгүй” гэсэн дүгнэлт өгч байна. Өнгөрсөн хугацаанд “Шийдлийн” Засгийн газар, “Шинэчлэлийн” Засгийн газар хийсэн ажлуудаа итгэл дүүрэн тайлагнаж байсан. Гэтэл өнөөдөр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын илтгэл маш муу хэмжээнд байсан” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж