Холливудын жүжигчин Стивен Сигал ОХУ-ын иргэн болсныг Кремлийн албаныхан өчигдөр /2016.11.03/ зарлалаа. Өдгөө 64 настай Стивен Сигал өмнө нь ОХУ-д олон удаа очиж байсан бөгөөд ерөнхийлөгч Владимир Путинтэй найз нөхрийн холбоотой аж. Стивен Сигал 2014 онд Крым хойг ОХУ-д эргэн нэгдсэн маргаантай үйл явдлын дараа ерөнхийлөгч Путиныг “дэлхийн хамгийн агуу удирдагчдын нэг” хэмээн өргөмжилж байв.
Кремлийн төлөөлөгчийн мэдээлснээр Стивен Сигал ОХУ-ын иргэншил авах хүсэлтийг өнгөрсөн есдүгээр сард тавьсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ОХУ-д ихэнх цагаа өнгөрөөж байна хэмээн жиргэж байжээ. Түүний эмээ нь ОХУ-ын Алс Дорнодын хязгаараас гаралтай аж.
Хэрэв Стивен Сигал АНУ-ын иргэншлээс татгалзалгүй ОХУ-д давхар иргэншил авсан бол гурван улсад татвар төлөх болж байгаа юм. Учир нь тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Сербийн иргэн болсон юм. Гэхдээ нөгөө талаар Стивен Сигал ОХУ-ын иргэн болсноор 5000 рублийн тэтгэвэр авах эрх үүсч байгаа аж.
Стивен Сигал Монгол Улсын иргэн Б. Эрдэнэтуяатай гэрлэсэн бөгөөд нэг хүүтэй. Тэд 2001 онд Стивен Сигалыг Монголд ирэх үеэр танилцсан аж. Стивен Сигал эх ондоотой долоон хүүхдийн эцэг юм. Түүний анхны эхнэр нь Мияко Фужитани.
Өмнө нь Францын жүжигчин Жерар Депардье 2013 онд, Америкийн боксчин Рой Жонс 2015 онд ОХУ-ын иргэн болсон билээ.
Б.ТУЯА