Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=28
ЗОХИОЛЧ зураачид
Хүүхэд байхад, Дарханы Үйлчилгээний Төвийн номын, жижигхэн дэлгүүр наддаа л асар том санагддаг сан. Зайгаа ашиглах гээд орос, монгол номуудыг адар хүртэл нь тулгаад өрчихнө. Нэг өдөр тийш явж ороод, мөрөөдсөн шигээ гөлрөөд зогсож байтал хамгийн дээд талын тавиур дээрх цав цагаан хавтас нүдэнд туслаа. Худалдагчийг үглүүлэн дуулуулан байж дээш авируулан, аваад үзтэл яруу найргийн ном аж. “Өө-өө-өө, орос ном, тэгээд бас шүлгийнх!” гэж бодоод буцаан өгтөл худалдагч эгч аймшигтай уурлав. “Авахгүй юм бол үхсэн элийгээ хийж…”
Ууртай аниагаас айсандаа ойлгохгүй номоо худалдаад авчихлаа. Уг нь би дэлгүүрээс хүнс цуглуулах даалгавартай явсан юм сан. Жижиг цаасан дээр эгчийн бичсэн “2 талх, 1кг цөцгий, 2 элэгний нухаш, 1кг сонгино, молоко” гэсэн заавар мөнөөх номын завсраас саяхан гарч ирснээр энэ явдлыг эргэн саналаа л даа. Ингээд, гэртээ хариад “балай” шүлгийн номонд мөнгө үрсэн хэмээн эгчдээ зад загнуулав. Өдөржин намайг чичлүүлэхэд хүргэсэн тэр ном бол Испанийн аугаа их яруу найрагч Гарсиа Лоркагийнх байсан юм. Тийм их зурагтай, уран зохиолын, ганган номыг урьд ер харж байсангүй. Зохиогчийнх нь зурсан зургуудаар чимсэн аж. Ингэж л, зураач атлаа зохиолч хүмүүс байдгийг анх мэдэж, биширч билээ.
Саяхан, Лоркагийн тухай бичих гээд зурсан зургуудыг нь интернетээс хайтал зохиолчдын тухай жижиг нийтлэл олов. Уг нийтлэлээс зөвхөн зургуудыг авч, дагалдах тайлбаруудыг өөрөө бичлээ. Андуу эндүү зүйл байх аваас уучилна уу!
Курт Воннегут
Герман гаралтай Америк зохиолч Курт Воннегутыг “том романч” хэмээн үг дуугүй хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн ном нь “Тав дахь нядалгааны цэг буюу балчир жаалуудын загалмайтны аян”. Энэ роман 70-аад онд жинхэнэ шуугиан дэгдээсэн гэдэг. Уг зохиол манайд хараахан орчуулагдаагүй ч, “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” номоос товч утга, тайлбар сэлтийг уншиж болно шүү. Харин Воннегутын дүрслэх урлагийн авьяасыг та орчуулгагүйгээр ингээд л харчихлаа. Түүний өвөрмөц ертөнц мэдрэгдэж байгаа биз дээ? ХЭЛ хэмээх ХИЛИЙН хязгаарлалтад ордоггүй нь дүрслэх урлагийн нэг сайн тал юм даа.
Артур Рембо
Францын суут найрагч “хүү” иймэрхүү зурдаг байж. “Шарльвилийн гурван иргэн” хэмээх нэртэй энэ таталбарыг тэр 15 настайдаа зурсан юм. Одооны ойлголтоор бол Рембо вундеркинд байжээ. Хүн төрөлхтөний түүхэнд үлдсэн сор шүлгүүдээ 21 нас хүрэхээсээ өмнө бичээд ахин уран бүтээл хийгээгүй гэдэг. “Хараал шүглэсэн яруу найрагчид” хэмээх хочийг авсан Верлен, Рембо, Малларме гурваас хойш л “Яруу найрагчид бол жинхэнэ дампуу нөхөд” гэсэн ойлголт түгсэн юм санж. Урьд нь, элит оюун санаанд л хамаатай асан ЯРУУ НАЙРАГЧ хэмээх алдар нэрийг, шүлэгчдийн талаарх төсөөллийг тэд л эвдсэн тул (архидаж, зодоон хийж, эмсийн хүрээлэнгээр хэсүүчилж, эсэргүү шүлэг бичиж, эсэн бусын хэрүүл шуугиан тарьсаар) ийм хочтой болцгоосон хэрэг. Символист яруу найргийн нэгэн оргил хэмээгддэг энэ “жаалхүүгийн” шүлгүүдээс монгол хэлээр бараг гараагүй нь харамсалтай. Рембо 37 настайдаа хорт хавдраар өөд болжээ. Африк руу тэнүүчлэн одсоноос нь хойших намтар тодорхойгүй тул дэлхийн утга зохиолд “мөнхийн 18 настан” хэмээх нэрээр, үүрдийн залуу төрхөөрөө үлджээ.
Луис Кэрол
Английн зохиолч, математикч, гэрэл зурагчин Луис Кэролын “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг мэдэхгүй хүн үгүй. Дэлхийн, хүүхдийн уран зохиолын сор болсон энэ номоор олон найруулагч кино хийснийг бид мэднэ. Харин зохиогч нь энэ гайхалтай номынхоо зураг чимэглэлийг өөрөө хийж байсныг та мэдэх үү? Математикч – зохиолч маань ингэж л зурж байж. Дашрамд дурдахад Луис Кэрол гэрэл зурагчныхаа хувьд ч ихээхэн алдартай байсан гэдэг.
Ридьяард Киплинг
Английн уран зохиолд дорно дахины уур амьсгалыг анх оруулсан хүн бол тэр! МАУГЛИ гэхээр л та хэний тухай ярьж буйг мэднэ. Хүүхэд насандаа уншсан энэ номыг хэн ч мартдаггүй байх. Шерханаас айсандаа хүүгээ орхин зугтсан эцэг эх! Амьтдын дунд үлдсэн ч тэсэж үлдсэн хүү! Чоно ээж Ракша, баавгай багш Балу, хамгаалагч ирвэс Багира гээд л хүүхэд бүрийн цээжинд явдаг нэрсийг, гайхалтай гоё дүрүүдийг тэр утга зохиолд үлдээсэн билээ. Чононы дунд өссөн Шаалуу хүүгийн домог Монголд бас байдгаас харвал энэ түүх зүгээр ч нэг зохиомол зүйл биш, олонтаа тохиолдож асан бодит явдал гэдэг нь тодорхой. Англи хэлт уран зохиолын ертөнцөд Ридьяард Киплинг зохиолчийн хувьд төдийгүй яруу найрагчийнхаа хувьд хүндтэй байр суурийг эзэгнэдэг. Дээр нь, бас зураач! Энэ зураг дээрх муурыг харахад л тэр амьтныг бүтээлийнхээ гол дүр болгох дуртай, амьтанд хайртай нэгэн явсан нь мэдэгдэнэ.
э.э.каммингс
Анх энэ хүний нэрийг харчихаад би “Оросууд хүртэл ном хэвлэхдээ ийм муухай алдаа гаргадаг юм байж!” хэмээн гайхсан сан. Гэтэл мань хүн өөрөө л ингэж нэрийнхээ эхний болоод овгийн үсгээ жижгээр бичдэг байсан юм санж. Шүлгээ бичихдээ ч үг зүйн дүрмийг “чадах чинээгээрээ” гажуудуулдаг байсан энэ e.e.cammings бол жинхэнэ “эсэргүүн” л дээ. Модернист болохоороо ч тэр үү, угаасаа хүн нь ч тийм байсан юм уу, маш өвөрмөц сэтгэлгээтэй. ХХ зууны урлаг дахь абсурд хандлагын яруу найраг дахь тод илрэл болсон түүнийг “Сайн яруу найрагч уу, муу яруу найрагч уу?” гэдгийг ч тодорхойлж чаддаггүй байсан гэх. Өөрийг нь ч тодорхойлох боломжгүй, этгээд дүр төрх билээ. Үг зүйн ч, урлагийн ч, амьдралын ч дүрэмд захирагдаагүй яруу найрагч харин хэрхэн зурдаг байсныг харцгаая!
Силвия Плат
“Намайг үнс! Тэгээд миний хичнээн чухаг болохыг хар!” гэж бичсэн Силвиа Плат.
“Би хүмүүст маш их дуртай, эсвэл дургүй” гэж бичсэн Силвиа Плат.
“Урлан бүтээхүйн хамгийн том дайсан бол өөртөө эргэлзэх явдал” гэж бичсэн Силвиа Плат.
Тэр анхны шүлгээ сонинд хэвлүүлэхдээ дөнгөж есөн настай байж. 12 настайд нь түүний IQ-г шалгахад 160 байж (Суутан!). The Townsman хэмээн нэрлэсэн хувийн сониныг эрхлэн гаргадаг байхдаа мөн л 12-хон настай…
БИ УЙЛАХЫГ ХҮСДЭГ. ГЭВЧ БИ ИНЭЭДЭГ гэж бичсэн Силвиа Плат бол америкийн яруу найргийн үзэсгэлэнт дүр төрх билээ!
Коллаж хийх, бэх, ус, тосон будгаар ажиллах дуртай явсан түүний гайхалтай нэгэн бүтээлийг та яг одоо харж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ