Энэ оны эхний есөн сард цагдаагийн байгууллагаас цахим орчинд хохирсон 27 гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Үүний тавыг нь прокурорын байгууллагаар хянуулахаар шилжүүлсэн байна.
Хамгийн сүүлд л гэхэд мягмар гаригт нялх хүүхдийг шил архиар солино гээд явж байгаа тухай мэдээлэл тархаж, олныг багагүй цочирдуулсан. Тэгвэл цагдаагийн байгууллага, уг мэдээнд нэр холбогдсон ар гэрийнхэнтэй хамтран энэ нь ташаа болохыг мэдэгдсэн. Улмаар зураг авч, ташаа мэдээлэл тараасан иргэнийг шалгаж, зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.
Мөн үүнээс гадна охид, эмэгтэйчүүд фэйсбүүкээр хүнтэй танилцаж, хувийн мэдээллээ өгснөөс эргээд дарамтлуулж, нэр хүнддээ халдуулах нөхцөл бүрдүүлсэн хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээнд өөрийн хувийн мэдээллээ хэт ил тавихгүй байхыг албаныхан сануулж байна. Хэрвээ иргэд цахим орчинд хохирсон гэж үзвэл цагдаагийн байгууллагад хандаж, шийдүүлэх бүрэн эрхтэй аж. Иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлэх хэрэгтэй юм байна.
Б.ЗАЯА