Валютын ханшийг 3000-д хүргэвэл ЗГ огцрох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Валютын ханшийг 3000-д хүргэвэл ЗГ огцрох ёстой гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эрх баригч нарт хандан, валютын ханшийг хязгаарлаж чадахгүй 3000 төгрөгт хүргэвэл Засгийн газар автоматаар огцрох ёстой гэж мэдэгдлээ. Тэрбээр “Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрт хугацаа байхгүй, дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хамтарч хийгдэх юм уу ойлгомжгүй байна. Эдийн засгийн хямрал бол мөнгөгүйн хямрал.

Хэн нэгэнд хариуцлага тооцъё гээд яриад байвал энэ улс орон байхгүй болно. Урагшаа харж юу хийх юм . Чадахгүй бол Засгийн газрыг нэг тийш, Сангийн сайдыг нэг тийш болгох хэрэгтэй ш дээ. Явган хэрүүл, жалгын хэрүүл хийгээд байдаг. Гадагшаа явж ганц ч наймаа хийдэггүй. Экспортын тухай асуудал байхгүй, үйлдвэрлэгчдийн тухай асуудал байхгүй, дандаа чавганцын явган хэрүүл хийсээр байгаад энэ төр чинь болохоо байлаа.

Ардчилсан нам Засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд долларын ханш 600 төгрөгөөр өссөн. 30 төгрөгөөр өсөхөд гурвалжин дөрвөлжин хэрүүл өдөөдөг байсан. Өнөөдөр та бүхэн Засгийн газрыг дөрвөн сар барих хугацаанд долларын ханш 400 төгрөгөөр өсчихөөд байхад дуугарч байгаа нэг ч хүн байхгүй байна. Энэ инерцээрээ явсаар долларын ханш 2500 хүрээд 3000 төгрөгт хүрвэл Засгийн газар автоматаар огцрох ёстой. Урд талынх руугаа буруугаа чихээд үлдэнэ гэж байхгүй.  Эрх барьж байгаа, ард түмний амьдралыг хариуцаж байгаа.  Оруулж ирж байгаа хөтөлбөр нь хүний нүд хуурч байгаа юм шиг, 10.1 их наяд төгрөгийг том бүтээн байгуулалтад, бусад төсөлд зарна гэчихээд ямар ч задаргаа байхгүй жагсаалт. 

Төлбөрийн тэнцлээ хар, ирэх жилийн төлөвлөлтөөр -800, худалдааны тэнцэл +300, хасах 500-гийн зөрүүн дээр яаж валютын ханшийг барих юм., 3000 хүрнэ ш дээ.  Энэ юмаа тайлбарлах сайд нь байна уу гэхээр байхгүй. Ерөнхий сайд ч байхгүй, Сангийн сайд ч байхгүй. Мэргэжилтнүүдээс нь асуухаар мэдэхгүй.

Одоо бид ажлын байр, мөнгөний урсгал хоёрыг нэмэгдүүлэхэд детальны юу хийх юм бэ гэдгээ бүгдээрээ ярилцаж оруулж ирэх зайлшгүй шаардлагатай гэж харж байна. Орон нутгийн бизнесийг эрхлэхэд монофоль компаниудын эрх зүйн орчныг яаж өөрчлөх юм гэдгээ ярих ёстой” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж