Тайландын ханхүү Маха Важиралонгкорн ирэх арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор хаан ширээг залгамжилна. Гэвч угсаа залгамжлагч ханхүү эцэг шигээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн биш юм. Тайландын хаан Пхумипон Адульядет өнгөрсөн аравдугаар сард 88 насандаа таалал төгссөн нь ард түмнийг уй гашууд автуулсан билээ.
ХҮҮХЭМСЭГ ХАНХҮҮ
Маха Важиралонгкорн 20 насандаа угсаа залгамжлагч ханхүүгээр нэрлэгдсэн боловч биеэ авч явах байдал нь хэргэм зэрэгтэй нь нийцдэггүй. Ханхүүгийн хувийн амьдрал шар хэвлэлийн нүүрийг чимж, ард түмний дунд шүүмжлэлийн бай болдог байв. Тухайлбал, “WikiLeaks” сайт 2009 онд ханхүүгийн хувийн видео бичлэгийг цацсанаар том дуулиан тарьж байжээ. Бичлэгт ханхүү, эхнэрийнхээ хамт маш задгай, эрээ цээргүй хувцасласан байсан нь шүүмжлэлийн бай болжээ. “Ханхүүгийн амрагуудын нэг нь түүний итгэлийг алдвал гэр бүлийнхээ хамт ор сураггүй болдог бөгөөд нэр нь ч үлддэггүй” хэмээн Австралийн иргэн Харри Николайдс гэгч өөрийн номондоо бичсэн байв. Ингэж бичсэнийхээ төлөө тэрбээр шоронд хорих ялаар шийтгэгджээ.
Ханхүү маш олон бүсгүйтэй нэр холбогдож, гурван удаа гэрлэжээ. Анх 1977 онд ээжийнхээ талын үеэл Соамсавали Китякаратай гэрлэжээ. Тэд нэг охинтой. Гэвч удалгүй ханхүү Тайландын жүжигчин Юувадхида Полпрасерттэй хамтран амьдрах болсон байна. Жүжигчин бүсгүй ханхүүд дөрвөн хүү, нэг охин төрүүлж өгчээ. Харин гүнж Соамсавали Китякара ханхүүтэй гэрлэлтээ цуцлуулахыг олон жил эсэргүүцсэн байна. Гэсэн ч 1993 онд Тайландын шүүх тэдний гэрлэлтийг албан ёсоор цуцалж, дараа жил нь ханхүү жүжигчин бүсгүйтэй хуримаа хийсэн аж.
Хуримаас хоёр жилийн дараа жүжигчин бүсгүйг 60 настай нисэхийн маршалтай нэр холбогдсон хэргээр буруутган Их Британи руу хүүхдүүдийнх нь хамт хөөн явуулжээ. Ханхүү хэдэн жилийн дараа ганц охиноо Тайландад буцаан авчирч, гүнж хэргэм олгосон байна. Гүнж өдгөө АНУ-д нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг аж.
Ханхүү 1992 оноос хойш харилцаатай байсан харц гаралтай бүсгүй Срирасми Сувадээтэй 2001 онд гэрлэсэн юм. Гэвч тэдний гэрлэлтийг 2005 онд хүү нь төрөх хүртэл олон нийтээс нууцалж байжээ. Срирасми хүүгийнхээ ачаар гүнж хэргэмийг хүртэж, албан ёсны эхнэрийн байр суурийг эдэлж байв. Гэвч 2014 онд хамаатныхаа долоон хүний нэр холбогдсон авлигын хэргээс үүдэн Срирасми хэргэмээ хураалгаж, ханхүүгээс гэрлэлтээ цуцлуулсан юм. Ханхүү түүнд 200 сая бахтын нөхөн төлбөр өгсөн аж.
ТАЙЛАНДЫГ ХАТУУ ГАРААР ЗАХИРНА
Цэргийн дэглэмд хүмүүжсэн Маха Важиралонгкорн хаан ширээг залгамжилснаар Тайландыг хатуу гараар захирч магадгүй. Тэрбээр өөрийн хүрээллээ үүсгэхийн тулд Тайландын үндсэн хуулийг өөрчилж, цэргийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ хэмээн ард түмэн эмээж байгаа аж. Маха Важиралонгкорн Тайландад дунд сургуулиа дүүргээд Их Британийн коллежид суралцаж, дараа нь Австралийн цэргийн сургуулийг нисгэгчээр төгсчээ. Тэрбээр “F-16” сөнөөгч, “Boeing 737” онгоцыг жолоодож чадна. Сургуулиа төгсөөд 1975 онд Тайландын эзэн хааны армид элссэн бөгөөд 1978 онд эзэн хааны бие хамгаалагчдын батальоныг захирч байв. Тэрбээр Их Британи, АНУ, Австралийн армид тусгай хүчний сургалтад хамрагдсан. Зарим орны угсаа залгамжлагчдыг бодвол Маха Важиралонгкорн ханхүү эх орныхоо төлөө өөрийн биеэр тулалдаанд нэгдэж явсан ба 1970-аад онд Тайландын коммунист намыг эсэргүүцсэн босогчдын эсрэг тулалдаанд оролцож байжээ.
Тайландын хаан таалал төгссөнөөр Засгийн газраас бүтэн жилийн гашуудал зарласан юм. Гашуудлын хугацаанд телевизийн сувгаар шоу цэнгээнт нэвтрүүлэг үзүүлэхийг хориглож, ард иргэдийг “зохистой” хувцаслахыг анхааруулсан байна.