Дипломат харилцаатай орнууд нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Дипломат харилцаатай орнууд нэмэгдэнэ

Монгол Улс НҮБ-д элсэн орсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар 150 оронтой дипломат харилцаа тогтоожээ. Хамгийн анхных нь 1921 онд дипломат харилцаа тогтоосон ОХУ бол удаахь нь 1948 онд дипломат харилцаатай болсон БНАСАУ буюу Хойд Солонгос. Харин отгон нь 2010 онд дипломат харилцаа тогтоосон Доминиканы бүгд найрамдах улс юм. НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гаргаад байна. Энэ дагуу хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Засгийн газрын хуралдаанаар Андоррагийн Хаант улс, Бүгд найрамдах Гамби улс, Бүгд найрамдах Гондурас улс, Бүгд найрамдах Науру улс, Бүгд найрамдах Палау улс, Бүгд найрамдах Панам улс, Доминикийн хамтын нөхөрлөл улс, Сент-Винсент ба Гренадин улс, Соломоны арлууд улс, Тувалу улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ. Уг асуудлыг УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Хэрэв эдгээр оронтой дипломат харилцаа тогтоохыг дэмжвэл Монгол Улстай ийм харилцаатай орон дахин арваар нэмэгдэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж