“Оюутолгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани III улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. III улирлын эцсийн байдлаар “Turquoise Hill Resources”-ийн үйл ажиллагаа дахь бэлэн мөнгөний урсгал 24 сая ам.доллар болжээ. Энэ нь 2015 оны мөн үед 171.7 сая ам.доллар болсонтой харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм. Оюу Толгойн алт, зэсийн гарц буурсан нь ийнхүү мөнгөний урсгал багасахад голчлон нөлөөлсөн байна. Үүнээс гадна “Turquoise Hill Resources”-ийн хувь нийлүүлэгчидтэй холбоотой үйл ажиллагаанаас хүлээсэн цэвэр алдагдал нь 31.4 сая ам.долларт хүрчээ. Мөн бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх хөрөнгийн хэмжээ 1.4 тэрбум ам.доллар болсон байна. Тайлант хугацаанд “Turquoise Hill Resources” өөрийн мэдэлд байсан “Southgobi Resources”-ийн хувьцаануудыг худалджээ. Тус компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан Жилл Гардинер энэ оны эцэс гэхэд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж, харин ТУЗ-ийн тэргүүнээр 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Петер Гиллин томилогдох юм.
Үүнээс гадна “Оюутолгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд III улиралд гуравдугаар тэнхлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн есдүгээр сарын эцсийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд нийт 105.8 сая ам.доллар зарцуулсан бол 2016 онд нийт 200 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогоор гүний уурхайд 1600 орчим хүн ажиллаж байна. Оны эцэс гэхэд ажиллах хүчний тоог 2400 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Харин олборлолтын хувьд “Оюутолгой”-ийн зэсийн гарц II улиралтай харьцуулахад 9.9 хувиар, алтны гарц 47.1 хувиар буурсан байна. III улиралд “Оюутолгой”-ийн орлого өмнөх улирлынхаас 31.4 хувиар буурч, 226.3 сая ам.доллар болжээ. Эдгээр нь баяжмал дахь алтны гарц, борлуулалт буурсантай холбоотой аж. “Оюутолгой”-ийн 2016, 2017 оны борлуулалтын гэрээнүүдийг 100 хувь байгуулаад байгаа ба өмнө нь “Rio Tinto” компаниас мэдээлснээр БНХАУ-ын 20 гаруй хайлуулах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Японд үргэлжлүүлэн туршилтаар тээвэрлэхээр төлөвлөжээ. Мөн "Оюутолгой”-ийн гүний уурхайн баяжмалыг худалдан авах хэрэглэгчийн бааз суурь нь сайн байгаа гэж хөрөнгө оруулагч тал дүгнэсэн байна.
Д.ЖАГАР