АСЕАН, Хятад маргаантай тэнгисийн асуудлаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

АСЕАН, Хятад маргаантай тэнгисийн асуудлаар хуралдлаа

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэхүйц баримт бичгийг батлахаар Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (АСЕАН) болон Хятадын талууд хуралдаж, нэгдсэн саналд хүрсэн талаар лхагва гаригт Киодо агентлаг мэдээллээ. Хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Лью Женмин хэлэхдээ “Талууд хэлцэлд хүрч чадлаа. Энэхүү баримт бичиг нь Бээжин болон АСЕАН-ы гишүүн орнуудын хооронд газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа асуудлыг шийдэж, талуудын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Тайван тогтвортой замаар маргаантай далайд тус тусын үйл хэргийг эрхлэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АСЕАН-ы 10 гишүүн улс Хятадыг арай хийн ятгаж, уг яриа хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд Хятадын тал эхлээд тун хойрголж  цааргалсан янзтай байжээ. Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулах тухай анхны тунхаглалд АСЕАН, Хятадын талууд 2002 онд гарын үсэг зурж байсан ба энэ удаа тунхаглалыг дахин шинэчлэн найруулсан байна. Хоёр тал энэхүү тунхаглалд өнөөдөр гарын үсэг зурах юм.

Зарим нэг шүүмжлэгчид уг тунхаглалыг шүүмжилж, талуудын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй арга хэмжээ авах тухай зааж оруулчихаад Спрэтли, Параселын арлууд зэрэг улсуудын булаацалдааны бай болсон газар усанд цаашид болзошгүй мөргөлдөөн гарахаас хэрхэн сэргийлэх талаар огт тусгаагүй нь дутагдалтай байна гэжээ. Тунхаглалд талууд энх тайванч, тогтвортой арга замаар итгэлцлийн үндсэн дээр Өмнөд Хятадын тэнгист тус тусын үйл ажиллагааг явуулна гэж заасан байна. Талууд эхний ээлжинд зургаан төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж тунхаглалд заасны дотор далай тэнгисийн баялгийг харж хамгаалах, далайн ёроолын хайгуулын асуудлыг цэгцлэх зэрэг чухал сэдвүүд оржээ.

Дээрх хэлэлцээрийн үеэр Хятадын тал маргаанд хамаарахгүй улс орнууд ялангуяа АНУ-ыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж