УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 67.9 хувийн саналаар дэмжин, соёрхон баталлаа.
Ингэснээр Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн зээл авах боломж бүрдлээ. Зээлийн нийт хугацаа 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна.
Хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хөнгөлөлттэй зээл хямралтай байгаа эдийн засагт хэрэгтэй. Тэгэхдээ ямар үр ашиг өгөх вэ гэдгийг бодох ёстой. Өмнө нь Мянганы сорилтын сангаас зээл аваад бүрээс тараагаад л дууссан. Дараа нь Улаанбаатар хотын бэлчээрийн менежмэнт сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 12.9 сая доллларын зээл авсан нь бас л үр дүн муутай туссан. Дамжуулан зээлдүүлсэн зээл эргэн төлөгдөөгүй мэдээлэл байна, энэ аль салбарт хамаарч байна вэ.
Зээл авахад эргээд зөвлөх үйлчилгээгээр дамжиж, зээлийн тодорхой хувь буцаж, нөгөө улсдаа очдог. Энэ нь Австрийн зээлд хэдэн хувийг эзлэх вэ. Хэдэн хувьд нь тоног төхөөрөмж ав гэдэг шаардлага тавьж байна вэ. Экспортыг дэмжих хүрээнд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гаргах уу гэдэгт тайлбар хүслээ.
Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол дамжуулан зээлдүүлэлтийн ихэнх нь дэд бүтэц хөдөө аж ахуйн салбарт хамаарч байна. Тухайлбал, цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг ажлын хүрээнд дамжуулан зээлдүүлэлтийг төрийн өмчит, орон нутгийн өмчит компаниудад олгожээ. Авсан зээлийг нь төгрөгт хөрвүүлээд тухайн үеийн ханшаар нь компаниар нь эргэн төлөлт хийлгэж байгаа аж.
Харин Австрийн зээлийн хувьд экспортыг дэмжих төслийн хувьд зөвлөх үйлчилгээ болон сургалтаар дамжуулан төслийн 25 орчим хувь зарцуулагдана. Зээлийн 50 хувьд Австрийн гарал үүсэлтэй тоног төхөөрөмж авах нөхцөл тавигдсан. Тоног төхөөрөмж суурилуулах болон хүмүүсийг сургах ажлыг нийлүүлэгч тал компанийнхаа зардлаар хийнэ. Мөн энэ зээл уул уурхайн бус салбарт зарцуулагдах ёстой. Монгол Улсын эдийн засгийг төрөүүлжүүлэхэд дэмжлэг болох ёстой. Тодруулбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим технологийн төслүүдэд зарцуулагдах юм байна.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ