Сүхбаатар аймагт нэг суудлын илүүгээр Ардчилсан нам олонхи болж, засаг барих эрхийг авсан. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болж, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар н.Хосбаярыг сонгосон бол аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг томилуулахаар болж, Ерөнхий сайд руу саналаа хүргүүлсэн. Гэвч одоог болтол Ж.Батсуурийг Засаг даргаар батламжлаагүй байгаа юм байна. Энэ үйлдлийг Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдсон гишүүд “Ард түмний сонголтыг улстөржүүлсэн үйлдэл” хэмээн үзэж буй юм. Хэрвээ ийм байдал даамжирвал ирэх оны аймгийн төсвийг батлахаас эхлээд хүндрэл учирч болзошгүйг сануулж байна.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Нэг санал илүү бол олонхи. Энэ бол ардчиллын зарчим. Иймээс нэгэнт олонхи нь шийдвэрээ гаргачихаад байхад цөөнх нь хүч түрэмгийлэх гэсэн оролдого гаргах нь хуульд нийцэхгүй юм. Иймээс Сүхбаатар аймагт үүсээд байгаа асуудалд эрх баригч намынхан хуульд нийцүүлэн ажиллах шаардлагатай байна” гэж мэдэгдээд байгаа.
Өнгөрсөн лхагва гаригт зарлагдсан Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны гишүүдийн ирц 51.7 хувьтайгаар эхэлж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нараа сонгожээ.
Гэхдээ анхдугаар хуралдаан зарлагдахад тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон МАН-ын гишүүд эхлээд анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй гэж мэдэгдэж байсан ч сүүлдээ хуралд оролцохгүй гэж шантааж хийсэн аж.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон мандатын тоогоороо Ардчилсан намын гишүүд нь илүү тул ирц хуульд заасан босгыг давсан аж. Тиймээс хурал хууль зөрчиж болсон гэх үндэслэлгүй юм байна.
Онцлоход, өнгөрсөн зургадугаар сард болсон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, МАН-аас өрсөлдсөн гишүүдийн мандатын тоо тэнцэж тэнцүү суудал авсан юм. Иймээс өнгөрсөн аравдугаар сард дахин сонгууль зохион байгуулахад Ардчилсан нам нэг мандат илүү авч, 17 суудлыг авсан. Аймгийн хэмжээнд 33 мандаттай юм.
Г.ХОРОЛ