Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

 Монголын улс төрд баттай байр суурь, залгамж чанар байхгүй байгааг баталсан нэг зүйл бол дэд сайдын суудал. Хоёр нам хамтран засаг барьж байх үед “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй”-н үүднээс дэд сайдын суудлыг санаачлан оруулж ирсэн байдаг. Тэрхүү суудлыг “намдаа гомдогсдын орон тоо” гэж хошигнон нэрлэсэн нь ч бий. Багагүй хугацааны өмнө одоогийн эрх баригчид дэд сайдын орон тоог хасч, давхар дээлээ тайлахыг тухайн үеийн олонх байсан Ардчилсан намынхнаас шаардаж, жагсаал цуглаан хүртэл хийж байсан. Гэвч эрх мэдэл хэний гарт байна, тэр хүн дураар дургиж болдгийн жишээ энэ.

МАН-ын Засгийн газар эдүгээ 13 дэд сайдтай ажиллаж байна. Дэд сайдаар өргөмжлөгдсөн хүмүүс дунд салбартаа танигдаж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байхад салбартаа нь бүү хэл олонд ч танигдаагүй битүү морьд, бэлгэ тэмдэг төдий нэгэн, эгэл ардын төлөөлөл, популист үзэлтэн, дуулиан шуугианы эзэн хүртэл бий. Ингээд дэд сайдуудын CV-ийг хамтдаа дэлгэцгээе.  


Б.БАТЦЭЦЭГ, ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД

Гүйцэтгэх засгийн кабинетад зүс нэмж орж ирсэн нэгэн бол яахын аргагүй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд дүүргэсэн, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд төгссөн.

Хожим нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн гээд эрдэм боловсролоор бусдаас хоцроогүй ч дипломат албанд бол дэндүү шинэднэ. Дипломат алба гэдэг энэ улсын нэрийн хуудас. Бүүр эрт цагт хөрвүүлбэл “Алтан гэрэгэ” барьсан албат гэсэн үг. Энэ албанд ажиллагсдын харилцаа хандлагаар Монгол Улсын олон улс дахь байр суурь илэрхийлэгддэг. Тиймээс ч тэд хүссэнээрээ ярьж хэлж, гоёж гоодож, өмсгөл зүүсгэлээ ч сонгох эрхгүй. Дипломатууд загвар өмсөгч биш, зочидтойгоо уулзахдаа хэлэх үг, зогсох газар нь хязгаартай.

Ажлын гараагаа хувийн хэвшлээс эхэлж, бүхнийг өөрийн дураар шийдвэрлэж заншсан дэд сайдад маань энэ баригдмал орчин хэр таалагдаж байгаа бол. Тэрбээр дипломат ёс заншилд хэрхэн дадаж байна вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Б.Батцэцэгийн хувьд 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Улсад 20 жил ажиллахдаа дарга голдуу суудалд дураар суусан дэд сайдыг мэргэжлийн дипломатч болоход нь туслах төрийн хар хүн, зүйрлэбэл Сатай сайд Гадаад харилцааны яаманд ганц нэгээр тогтохгүй бий гэж найдъя.


Х.БУЛГАНТУЯА, САНГИЙН ДЭД САЙД

“Улс төрд мөр байтугай нэр ч байхгүй хатагтай” хэмээн цоллуулж байсан Х.Булгантуяагийн Монгол Улсын нэгдсэн төсвийг зангидах их ажил амар хялбар эхэлсэнгүй. Найман төрлийн татвар нэмэгдүүлэх, зарим төрлийн халамж, үйлчилгээг хавтгайд нь хасах гэхчилэн шийдвэрийн автор нь Чойжоо гэхээсээ дэд нь гэх хардлага ч нэг хэсэг нийгэмд давалгаалсан. Эмэгтэй хүн, эх хүн хэрнээ хүүхдийн халамжийн мөнгийг хасах шийдвэр гаргалаа хэмээн олон ч хүн буруутгасан. “Ямар боломжтойдоо орон нутгийн сонгуулийн өмнө ийм шийдвэр гаргах вэ. Улсын сан хөмрөг үнэхээр хүнд байгаа” гэсэн зоригтой тайлбарыг Х.Булгантуяа эрсхэн хэлсэн нь олон асуулт, эргэлзээнд жинтэй хариулт болсон юм. Тэрбээр тулгар биетэй ч төсөв төлөвлөх тун ярвигтай ажлаас ухарч няцалгүй одоо ч урт цагаар ажилласаар байгаа нь “үүрэг хүлээсэн цагт” хүүхнүүдээс ямар их хүч гарч болдгийг харуулж байгаа.

БНХАУ-д бакалавр, АНУ-д магистр хамгаалсан түүнийг гэнэт л МАН-ын нарийн бичгээр томилж байсан цаг хэдийнэ ард үлджээ. “Оюутолгой” ХХК-д төслийн менежер,”Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлага нь Сангийн дэд сайд Х.Булгантуяад бүсээ чангалж эхэлсэн Монгол Улсын төсвийг төлөвлөхөд дэм болох буй заа.


Ц.БАТБАЯР, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД

Түүнийг анх дэд сайдаар томилоход улс төрийн хүрээнийхэн хүртэл хотын дарга асан “улаан хацарт” Ц.Батбаяртай андуурч орхисон. “Алимаа” бол М.Энхболдын хүн гэдгийг нь түмэн мэднэ. Харин түүнийг хэн гэдэг даргын “гар хөл”, “түрийвч” вэ хэмээн одоо ч гайхсан хэвээр. Цэрэндоржийн Батбаяр дэдүүд дундаа ахмадад тооцогдоно.

Тэрбээр 1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. 1982 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль, 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль, 1996 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. ОХУ, Энэтхэг, БНСУ, Сингапур улсад эдийн засаг, удирдахуйн ухаан, манлайллын чиглэлээр суралцсан. Эрх зүйч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй юм байна.

  • 1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээнд цахилгаанчин,

  • 1985-1987 онд хилийн цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч,

  • 1987-1992 онд НАХЯ-ны барилгын хороонд мастер,

  • 1993-1996 онд нийслэлийн МАХН-ын улс төрийн ажилтан,

  • 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төвийн дэд захирал,

  • 1997-1999 онд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,

  • 1999-2000 онд нийслэлийн өмчийн газарт хуулийн зөвлөх,

  • 2000-2004 онд “Сойху” ХХК-д ерөнхий захирал,

  • 2004-2005 онд “Булган” төвийн захирал,

  • 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2007 оноос Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ оны наймдугаар сард дэд сайдын сэнтийд заларсан түүний хувьд төрийн албанд ажилласан туршлага 14 жил. Харин өлгөөд авах онцлог нь гэвэл орчин үеийн залуус шиг шууд л албан тушаал хашаад эхлээгүй. Социализмын үеийнхний жишгээр ажлын талбарт ажилчин ангиас нь мастер, ахлах ажилтны замыг туулан байж, ТББ, хувийн хэвшлийнхний жаргал зовлонгоос амсан байж төрийн өндөр дээд албанд хүрсэн түүний хувьд олонд танигдах гарц хараахан нээгдэж амжаагүй байна. Салбарын хүн биш болохоор ч тэр үү сайд хатагтайнхаа сүрд дарагдан даруухан “аж төрсөөр” өнөөг хүрсэн ч эр хүний дотор эмээл хазаартай морь гэгчээр бодсон санасан нь байдаг л биз. Дэд сайд гэж дэмий орон тоо гэдгийг үгүйсгэхийн тулд хийсэн ажил, хэлэх үгтэй ажиллаасай гэсэн ардын хүсэлтийг дашрамд дуулгахад илүүдэх юун.


Х.БАДАМСҮРЭН, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД

Эр хүн туг ч барьж, тугал ч хариулдгийн үлгэрийг биеэр харуулж яваа Х.Бадамсүрэн дэд сайдууд дундаа баялаг намтартай нь юм. Бас хамгийн ахмад нь төдийгүй жинхнээсээ салбарынхаа мэргэжлийн хүн.

Тэрбээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрж, 1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль төгссөнөөс хойш уул уурхайтай ихэр юм шиг холбоотой яваа. 1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг, 1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтын удирдлагын дээд курсыг, 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1985 онд ОХУ-д уул уурхайн салбарын удирдлага чиглэлээр, 1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Ажлын гараагаа 1980 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтнээр эхэлсэн тэрбээр 2008-2012 оны УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Төрийн албанд 32 жил ажилласан, үүнээс улс төрийн албанд дөрвөн жил ажилласан гэхээр уул уурхайн салбарт хагас жарны турш зүтгэж, сайн саар нэрийг эн тэнцүү үүрч яваа эрхэм. “Монросцветмет”-ийн харъяа Бэрхийн уурхайг хаахад хүргэсэн, хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн, “Шижир алт” компанийн орлогыг татвараас нуусан гэхчилэн төрийн хар хүнд байж боломжгүй хэргүүд түүний нэртэй холбогдож, бүр “аавын”-д зочлоход хүргэсэн. Гэвч тэрбээр хөрөнгө бэлтэй хүн хичнээн бурууг үйлдлээ ч хаягдаж гээгддэггүйн жишээ болон дэд сайдын суудалд томилогдсон. Дэд сайдын сэнтийг намын хандивлагчдад зориулсан гэсэн үг гарахад ч нөлөө үзүүлсэн байж болох ч Х.Бадамсүрэн гэх энэ эрхмээс уул уурхайн ончтой бодлого төрөн гарахыг ч үгүйсгэх аргагүй.


Л.БЯМБАСҮРЭН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД

Увс аймгийн Улаангомын уугуул Л.Бямбасүрэн дунд сургуулиа Улаанбаатар хотод дүүргэжээ. Тэрбээр 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Хүүхдийн эмч мэргэжлээр анагаахын сургуулийг дүүргэсэн тэрбээр хожим нь хүнс, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйчаар нэмж суралцжээ.

Дунд сургуулиа төгссөн даруйдаа их сургуульд оролгүй Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагчаар ажиллаж байгаад анагаахын сургуульд суралцсан түүнийг эрүүл мэндийн салбарт гаднын хүн гэх аргагүй. Удирдах албан тушаалд 2003 оноос томилогдож, түүнээс хойш өсөн дэвжсээр өнөөг хүрсэн Л.Бямбасүрэнгийн ажлын туршлага чамлахааргүй. 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга, 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан Л.Бямбасүрэн төрийн албанд 24 жил ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны албанд 20 жил ажилласан гэхээр дэд сайдын тушаал түүнд зүгээр нэг бэлэг байгаагүй.

Л.Бямбасүрэнг зарчимч, байр суурин дээрээ хатуу зогсдог өөрийн гэсэн үзэл бодолтой улстөрч эмэгтэй гэж үнэлдэг. Гэвч ажил хийсэн бүхэнд алдаа оноо байдгийн жишгийг тэрбээр тойроогүй бөгөөд 2010 онд эрүүгийн хэрэгт татагдаж байсан тухай мэдээлэл цахим ертөнцийн архивт хадгалагдаж байгаагаас үзвэл нэр цэвэр хатагтай биш бололтой. Түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа 75 тонн мах устгалд оруулалгүй эзэнтэй нь хуйвалдан зах зээлд борлуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан байх юм. Түүнчлэн НМХГ-ын даргаар ажиллаж байх үед нь орос гуравдугаар сургуулийн хүүхдүүд хоолонд хордож, нэгдүгээр төрөх эмнэлэгт хүйн халдвар гарч байсан гээд хөөвөл ажлын алдаа, оноо түүнд бас бий.


Т.ГАНТУЛГА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД

Түдэвхүүгийн Гантулга 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1980 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1 дүгээр дунд сургуулийг, 1990 онд Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийг, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг, 2004 онд Үндэсний тагнуулын академийг тус тус төгссөн. 1995 онд Япон улсад удирдлагын чиглэлээр, 1999 онд ХБНГУ, Бельгийн вант улс, Европын холбоонд Бизнесийн удирдлагын чиглэлээр, 2008 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндэсний их сургуульд сайн засаглал, төрийн удирдлага чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эрх зүйч, улс төр судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Профессор цолтой, Боловсролын доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй энэ эрхмийг олон хүн МАН-ын боловсон хүчин гэдгээр нь андахгүй. Т.Гантулга МАН-ын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн дарга, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеэсээ улс төрийн карьераа өсгөсөн билээ.

Социализмын үеэс л МАН-ын ирээдүй болсон залуу боловсон хүчний нэг хэмээн ахмад гишүүд нь тоож, намдаа нөлөө бүхий албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан байдаг. Тиймээс түүнийг Эрчим хүчний дэд сайдаар томилсон нь улс төрийн томилгоо, намын даалгавар гэж болно. Нөгөө талаас нь харвал намдаа үнэн зүтгэсний шагнал ч гэж харж болох энэхүү албан тушаалд Т.Гантулга хэрхэн ажиллахаас улстөрчийн карьер, намын нэр хүнд шалтгаална гэдгийг дуулгахад илүүдэх юун.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж