
Уг талбайг түүх дурсгалын, залуучуудын, хосын хэсэн гэсэн гурван бүсэд хувааж, хүмүүсийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах үүднээс хойноосоо урагшаа чиглэсэн орц гарцтай болгожээ Түүх дурсгалын хэсэгт үндэсний бахархал болох гурван метр өндөр морин хуур, Ардын засгийн зургаад дахь Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хөшөөг сэргээн засварлаж, хоёр талаар нь иж бүрэн гэрэлтүүлэг болон ургамлан хашлага, бут сөөг тарихаар төлөвлөсөн байна. Залуучуудын бүсэд хүүхэд залуус роликоор гулгаж, дугуй унах талбай, хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур хийсэн нь олны сонирхлыг татаж байлаа. Мөн задгай талбайн бага хэмжээний шоу урлагийн арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлжээ. Дараагийн шатанд гудамжны хоёр талын явган хүний замыг шинэчлэх, 3.6 м өндөртэй морин хуурийг хүрлээр хийж түүх дурсгалын хэсэгт байрлуулах бол орц гарцын хэсэгт чулуун багана хийх гэнэ. Гудамжны хоёр талын барилгын фасадыг LED гэрлэн чимэглэлээр хийснээр тус гудамжны тохижилтын ажил бүрэн дуусах юм байна. Өнгөрөгч тавдугаар сараас эхэлсэн тохижилтын ажлын эхний ээлжийг хугацаанаас арав гаруй хоногийн өмнө хүлээлгэн өгсөн бол дараагийн шатны ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү ажлыг хийхэд улсын төсвөөс 500 сая төгрөг зарцуулж, нэмэлт 70 гаруй сая төгрөгийг гарган нийт 600 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна.
С.Отгон