Зарим мэдээллийн хэрэгслээр “Боловсролын зээлийн санд” хамрагдсан оюутанд үндэсний тэтгэлэг буюу 70 мянган төгрөг олгохгүй байх шийдвэр гаргасан талаар мэдээлж буй. Энэ талаар бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
-“Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутанд 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гарсан юм уу, энэ талаар тодорхой хариулт өгөөч?
-“Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутанд үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гаргаагүй, гаргах ч боломжгүй. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа их, дээд сургууль, колежид суралцаж байгаа оюутан бүрт энэ оныг дуустал 70 мянган төгрөг олгох ёстой гэж үзээд шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж өгсөн. УИХ-аас баталсан хуулийг давсан Засгийн газрын тогтоол юм уу, сайдын тушаал гаргах боломжгүй. Тийм учраас “Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутан ч энэ оныг дуустал 70 мянган төгрөг авна гэж ойлгох хэрэгтэй.
-Их, дээд сургуулиуд хос мэргэжлээр элсэлт авдаг болсон. Хос мэргэжлээр суралцаж байгаа оюутанд 70 мянган төгрөг олгохгүй гэдэг яриа мөн гараад байна. Яамнаас ийм чиглэлийг их, дээд сургуулиудад өгсөн юм уу?
-Ийм зүйл бас байхгүй. Хос мэргэжлээр суралцаж байна уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалж бүх оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна.
Г.ХОРОЛ