2013 оныг уул уурхайн оргил үе гэж нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

2013 оныг уул уурхайн оргил үе гэж нэрлэжээ

Английн “Бизнес Мониторинг Интернешнл” байгууллага Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн төлөв байдлын судалгаа гаргасныг Хөрөнгийн бирж монгол хэлнээ орчуулжээ. Судалгаанд дурдсанчлан буурай Монголын уул уурхайн салбарт ирэх жилүүдэд нэлээд өөрчлөлт гарч, ялангуяа алт, зэс болон нүүрсний үйлдвэрлэл маш хурдацтай өсөх хандлагатай байна гэжээ.

BMI Монгол Улс 2015 он гэхэд уул уурхайн салбарын үйлдвэрлэл 11.5 тэрбум ам.доллараар өсөх төлөвтэй гэсэн судалгаа гаргасан нь 2010 оны 2.6 тэрбум ам.доллараас дөрөв дахин их дүн юм. Оюутолгой ордын үйлдвэрлэл эхлэх 2013 он бол уул уурхайн өсөлтийн оргил үе байна гэж таамаглал дэвшүүлжээ. Мөн тэд судалгаанд дараах төлөвүүдийг гаргасныг сонирхуулъя.

Уул уурхайн үйлдвэрлэл хэвийн байсан бол ирэх жилүүдэд огцом өснө гэж таамаглаж байна. 2011-2015 он хүртэл жилдээ 31.4 хувиар өсч, алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унци, зэсийн үйлдвэрлэл жилд 720 мянган тонн хүрэх юм байна. Уг алт болон зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн ихэнх нь “Рио Тинто” болон “Айвэнхоу Майнз”-ийн хамтын хөрөнгө оруулалттай Оюутолгой уурхайн 2013 оны үйлвэрлэлтээс шалтгаалах болно. Оюутолгой уурхай нь дэлхийн хамгийн том алт болон зэсийн уурхай болох бөгөөд Монгол Улсыг гол металл үйлдвэрлэгч орон болгох юм.

Харин нүүрсний үйлдвэрлэлийн хувьд 2015 он гэхэд жилд дунджаар 17 хувийн өссөлттэй ба 27 сая тонн хүрэх юм байна. Уг өсөлт нь “Айвэнхоу Майнз”-ийн охин компани болох “Саус Говь”-ийн Овоот Толгой уурхайн (дэлхийн томоохон нүүсний ордын нэг)  үйлдвэрлэл 2014 он гэхэд жилд 6.5 сая тонноор ихсэхтэй холбоотой юм. Уг өсөлт нь сүүлийн гурван жилийн уруудах хандлагыг нөгөө тийш нь эргүүлнэ. Түүнчлэн одоогоор Засгийн газрын эзэмшилд байгаа Таван толгойн уурхай 2015 онд үйл ажиллагаагаа эхлэх аж. Тус орд жилийн үйлдвэрлэлийн статистик ойрын хугацаанд гарах боловч уг уурхай зургаан тэрбум тонн нөөцтэй бөгөөд дэлхийн хамгийн том олборлоогүй уурхайн нэг болж байгаа юм. Үүнээс гадна, Монгол улсын ордуудын хэсэгхэн нь л газрын зураг дээр тэмдэглэгдсэн болохоор цаашид өсөх боломжтой харагдаж байна.

Түүнчлэн BMI Монголын хууль эрх зүйн орчны талаар судалгаандаа дурдсан байна. Сүүлийн 12 жилд Монгол улс бизнесийн орчиндоо чухал дэвшилтүүд гаргасан билээ. Хамгийн чухал нь, Засгийн газар гадаад хөрөнгө оруулагчдыг хашиж байсан 68 хувийн татвараа авахаа больсон байна. Уг татварыг хүчингүй болгосон нь хөрөнгө оруулагчдыг ихээр татаж олон тэрбум долларын хөрөнгө урсан орж ирсэн бөгөөд Оюутолгойн хэлэлцээр ч шийдэгджээ.  Гэвч саяхан Засгийн газраас олгосон уул уурхайн лицензийн тал хувийг хүчингүй болгосонтой холбоотойгоор бизнесийн үзүүлэлт багахан буурсан ба хүчингүй болсон лицензүүдийн хоёр нь Канадын Хаан ресурсынх байсан юм байна гэжээ.

Тэгвэл ирэх жилүүдэд Монголын уул уурхайн салбарын гол тоглогчид хэн байх вэ гэдгийг мөн тодорхойлсон байна. Энэхүү тоглогчоор “Рио Тинто” болон “Айванхоу Майнз”-ыг нэрлэж байгаа бол тэднээс жижиг боловч үйл ажиллагаа нь идэвхтэй “Центерра Гоулд” ба “Эрдэнэ Гоулд” зэрэг томоохон олборлох төслүүдтэй компаниуд ч тоглогчдын жагсаалтад оржээ. Мэдээж “Рио Тинто” дээр томоохон олборлогч компаниуд, жишээ нь “Вале” Монгол улсын уул уурхайн салбарт олборлогдоогүй нүүрсийн нөөцөд шунан орж ирэх юм гэдгийг тэд судалгааны төгсгөлд бичжээ.

BMI-аас гаргасан судалгааг олон улсын төвшинд нэлээд түгээмэл хэрэглэдэг юм байна. Тэдний Монгол улсын уул уурхайн тайлангаар уул уурхайн салбарын мэргэжилтэн ба стратегич, компанийн шинжээч, уул уурхайн холбоо, Засгийн газрын агентлагууд болон хууль сахиулах байгууллагуудыг Монгол улсын уул уурхайн салбарын үзүүлэлтийн таамаглал болон судалгаагаар хангадаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж