Хонь, тэмээний ноосонд урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хонь, тэмээний ноосонд урамшуулал олгоно

УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хорооноос хариуцан батлуулсан шийдвэрүүдийн нэг нь Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол юм. Энэ тогтоолоор Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор  ноолууран утас болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон. Мөн хонь, тэмээний ноос боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдэд болон тэдгээр үйлдвэрт ноос бэлтгэж, тушаасан хоршооны гишүүн малчдад олгох мөнгөн урамшуулалд 50 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд 150 тэрбум, нийт 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалахаар шийдвэрлэсэн юм.  Хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд хоршооны гишүүн малчны бэлтгэж тушаасан хонь, тэмээний нэгдүгээр зэргийн ноосны килограмм тутамд  мөнгөн урамшуулал болгож, 2000 төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган олгохоор тогтоолд тусгаад байна. Засгийн газрын үнэт цаасны хүү, хүүгийн зөрүүг  2012 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусган төлөх, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох, хонь, тэмээний ноос бэлтгэлд мөнгөн урамшуулал өгөхөд тавих шаардлага, Засгийн газрын үнэт цаасны санхүүгийн эх үүсвэр, түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны шат дарааллын бүдүүвчийг тогтоосон холбогдох журмыг баталж мөрдөх, үнэт цаасны арилжааны орлогоос үйлдвэрлэгчдэд олгох  зээлийн хүүг долоон  хувиас ихгүй байхаар тооцохыг Засгийн газарт  үүрэг болгосон тогтоолыг баталсан нь Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн чухал бодлогын арга хэмжээ болсон гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзэж байгаа юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хориглосон үндэслэл, шалтгаанууд бүрэн арилаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгож эхлэх нөхцөл хангагдаагүйг үндэслэж хориглосон хугацааг дахин сунгасан хуулийг мөн хаврын чуулганаар баталсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж хорооны дарга гишүүдийг томилох ажлыг зохион байгуулсны зэрэгцээ Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Хаврын чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл зэрэг 15 хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт, Зээлийн мэдээллийн тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай зэрэг 16 хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулаад байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах болон ажлын байр нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн баталгааны сан байгуулах асуудлаар тооцоо, төсөл бэлтгэж, санал боловсруулах ажлын хэсгүүд чуулганы хугацаанд идэвхтэй ажиллажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж