Мэрилин Монро: Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч өө?

Хуучирсан мэдээ: 2016.11.05-нд нийтлэгдсэн

Мэрилин Монро: Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч өө?

Мэрилин Монро АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Ф.Кеннедид төрсөн өдрийн дуу дуулж, мэндчилгээ хүргэхдээ өмссөн Jean Louis-ын урласан халуухан даашинзыг энэ сарын 17-нд дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Тэртээ 54 жилийн өмнө урласан энэхүү даашинзыг дуудлага худалдаагаар гурван удаа зарагдана гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. 1962 оны тавдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын бүх цаг үеийн хамгийн халуухан од Мэрилин Монро Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедиг 45 нас хүрч буйг тохиолдуулан төрсөн өдрийн дуу дуулж өгөхдөө уг даашинзыг өмсөж байжээ. Гэвч Ерөнхийлөгч Кеннедигийн төрсөн өдрийн мэндчилгээг Мэрилин 10 өдрийн өмнө урьдчилж хүргэсэн нь цаанаа өөр нэг санаа агуулсан магадлалтай гэж зарим хүмүүс цуурдаг. Учир нь 1962 оны тавдугаар сарын 19-д Ардчилсан нам Нью-Йоркын Мэдисон Скуэйрт санхүүжилт татах зорилгоор маш том хэмжээний ёслолын ажиллагааг зохион байгуулахыг хүсчээ.

Ардчилсан намынханд зөвхөн Кеннеди хэрэгтэй байснаар зогсохгүй хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг татах өгөөш ч хэрэгтэй байсан аж. Тэр нь Мэрилин Монро байжээ. Түүнийг Ардчилсан намынхан дуулуулахыг хүссэн үү? эсвэл энэ нь ерөнхийлөгч Кеннедигийн зохион байгуулсан мэх үү гэдэгтэй олон хүмүүс санал зөрөлддөг. Зарим хүмүүс Кеннеди өөрөө өөрийнхөө ПР-ыг хийдэг байсан учраас Мэрилинийг ийнхүү дуулуулсан гэж үздэг. Тухайн үед Мэрилин 36 настай байсан бөгөөд энэ явдлаас гурван сарын дараа Брэнтвүүд дэх гэртээ амь үрэгдсэн байдалтай олдсон юм.

Дээрх даашинз тухайн үед буюу 1962 онд 12 мянган ам.долларын үнэтэй байсан бөгөөд 1999 онд 1,3 сая ам.доллараар зарагдсан. Харин энэ сарын 17-д Жулиэн хэмээх дуудлага худалдааны компани Лос Анжелес хотод уг даашинзыг үнэ хаялцуулахаар болжээ. Тус компаний үзэж буйгаар даашинз 3 сая ам.долларт хүрэх аж. 

Г.АНУДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж