1984 оноос алдаагүй “цагаан зурхайч”-ийнхаар Д.Трамп ялна

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

1984 оноос алдаагүй “цагаан зурхайч”-ийнхаар Д.Трамп ялна

Шарсан мах анддаггүй шар зурхайчийн тухай Монгол ардын үлгэр домогт олонтаа гардаг. Шар хэмээн онцолсон нь тэрхүү зөнч мэргэн зурхайч бол Mongoliad гэдгийг тодотгосон хэрэг. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад үндэстэн ястнаас бүх талаар өөрсдийгөө илүү гэж хийрхдэг монголчууд бидний үзэл бодлын нэг бодит жишээ байх. Тэгвэл Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг анддаггүй урьдчилан хэлдэг Caucasiod зурхайч байна. Тэр эрдэмтэн мэргэн бол Вашингтон хотын Америкийн Их сургуулийн профессор Аллан Лихтман юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг 1984 оныхоос эхлэн зөв тааснаараа олон улсад танил болсон нэгэн. Өдгөө 69 настай сайхь эрдэмтний өөрийнх нь ярианд итгэх юм бол 1960-аас 1980 оны хоорондох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг бас онож таасан юм байна. Уг яриаг батлах боломжгүй учраас дурдсан хугацаанд Ж.Кеннеди, Р.Никсон, Л.Жонсон, Р.Никсон, Ж.Форд, Ж.Картер, Р.Рейган (эхний удаа) нарыг ялна хэмээн түүний таасан нь үнэн гэж шууд хүлээн зөвшөөрөх аргагүй.

Харин Оросын нэртэй эрдэмтэн В.И.Кейлис-Бороктой (1921-2013) хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг урьдчилан тааварлах “Цагаан байшингийн 13 түлхүүр” нэртэй, улстөр судлалын хүснэгт зохион хэрэглэснээс хойшхи таавар нь 100 хувь байгаа оносон. 13 асуулт, үнэн/худал гэсэн 13 хариулттай энэ хүснэгтийнхээ туслалцаатайгаар тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд 1984 онд БНН-ын нэр дэвшигч Р.Рейган, 1988 онд БНН-ын Ж.Буш (эцэг), 1992 онд АН-ын Б.Клинтон, 1996 онд Б.Клинтон (хоёр дахь удаа), 2000 онд БНН-ын Ж.Буш (бага), 2004 онд Ж.Буш (хоёр дахь удаа), 2008 онд АН-ын Б.Обама, 2012 онд Б.Обама (хоёр дахь удаа) нар ялна гэж найман удаа бүгдийг нь зөв таасан байна. Caucasiod зурхайчид зориулан энд хэрэглэсэн “таасан” гэсэн үгийн логик утга нь Монгол шар зурхайчийн таах гэсэнтэй огт нийцэхгүй, арай дээд төвшний, шинжлэх ухааны үндэслэл, аргачлалтай гэж ойлговол зохистой. Дашрамд хэлэхэд зурхай нь шинжлэх ухааны зарим элемент агуулдаг болохоос бие даасан салбар биш.

Профессор Аллан Лихтманы “Цагаан байшингийн 13 түлхүүр”-ийн асуултын ихэнх нь  тухайн үед алба хашиж буй Ерөнхийлөгч гэхээсээ түүний намын талаархи сэдэвтэй байдаг. Энэ цаг дор гэхэд Ерөнхийлөгч Барак Обамагийн нам-АН-ын талаархи суурь шинжилгээний дүгнэлтийн хариу хүснэгтэд бичигдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааны өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад Америкийн эдийн засаг ямар байна бэ. Нарийвчилж үзвэл нэг иргэнд ногдох ДНБ өсөлтийн хурд хэр зэрэг байгаа. Улс орныг хамарсан нийгмийн хурцадмал байдал үүссэн үү. Ерөнхийлөгч болон түүний намтай холбоотой дуулиант бараан үйл явдал гарсан уу, Конгресс дэх намын дэмжлэг гэх мэт асуултын хариу бичигддэг байна.

Профессор Аллан Лихтман өнгөрсөн аравдугаар сарын 9-нд Америкийн “Вашингтон пост” сониноор дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хайрцгийг “Цагаан байшингийн 13 түлхүүр”-ээр “түлхүүрдэж” үзэхэд БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 8-нд ялж байна гэж мэдэгдсэн болно.

Бодитой мэдээлэлд хийсэн шинжилгээ дээр суурилсан өөрийн таамаглал нь өмнөх найман сонгуульд ялагчийг 100 хувь таасан үр дүнд хүргэсэн учраас профессор Аллан Лихтман энэ удаа ч өөртөө маш итгэлтэй байгаа. Тэрбээр, АН-аас нэр дэвшигчийн ялагдах шалтгаанаас заримыг нь Польшийн “Пресс” агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Тэдгээр нь: АН-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуульт хугацааныхаа төгсгөлийн дөрвөн жилд нь, Осама бин Ладенийг олж устгасан (эхний дөрвөн жилд хамаарна) чинээний ажил хийгээгүй, АН-ынхан Конгрессын сонгуульд ялагдал хүлээсэн, АН-ын нэр дэвшигч Хиллари Клинтон хатагтай нь Франклин Рузвельт, Жон Кеннеди, Рональд Рейган нарын хэмжээний нөлөө бүхий нэр дэвшигч биш … гэж тодорхойлсон.

Б.ЕРЭНТЭЙ

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж