Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “мандаж” эхэллээ.
Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байгаа билээ.
Ардын жүжигчин Н.Сувд: Их зохиолч Д.Нацагдорж нь ердөө 31-хэн насалсан ч бүтээл туурвилаараа хэзээ ч мөхөшгүй хөшөө босгосон аугаа зохиолч, сэтгэгч, төрийн зүтгэлтэн. Үнэхээр энэ хүн нар шиг мандаж, Монголын ард түмэнд гэрлээ цацруулж явсан билээ.
Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшин: Хамгийн гол нь эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дуурсагдах сод найрагчийн тухай жүжиг бүтээхийг зорьсон.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Ш.Гүрбазар: Энэ жүжгийг улс төр, цаг хугацааны өнцгөөр харахыг хүссэнгүй. Харин чанадын талаас нь гаргахыг хичээсэн туульсын жүжиг.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Ч.БОЛОР