Монгол Улсын эрчим хүчний системийн 70 хувийг хангадаг Дулааны цахилгаан станц 4 /ДЦС-4/ компанийн өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн хэмээн гүйцэтгэх захирал С.Анхбаяр өнөөдөр мэдээллээ. Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр 3, 4 дүгээр цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан юм.
ДЦС-4-ын хувьд нийтдээ найман зуухтай. Үүнээс зургаан зуухын засвар бүрэн дууссан. Харин хоёр зуухын засварын ажил дуусах шатандаа явж байгаа аж. Энэ сарын 7 гэхэд зургадугаар турбиныг бэлэн болгох юм байна. Одоо нэг зуух ойролцоогоор 457 цагийн ачаалалтайгаар ажиллаж байгаа гэв.
Мөн станц нийтдээ 1492 ажилтантай. Өвлийн ид ачааллын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах тул хүн хүчний хувьд хүндрэл үүсэхгүй гэлээ.
Тус станцын гол түүхий эд болох нүүрс нийлүүлдэг хоёр уурхайн санхүүгийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэж өгсөн нь өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад гол хөшүүрэг болсныг ч онцоллоо. Учир нь дулааны станцын гол түүхий эдийг хангадаг Багануур, Шивээ Овоогийн уурхайнуудын түлш нийлүүлдэг компанид өгөх өр нэмэгдэж хүнд байдалд ороод байжээ. Хоёр уурхай нийлээд 11 тэрбум төгрөгийн түлшний өртэй болсон байна. Үүнээс үүдэн Багануурын уурхай л гэхэд есдүгээр сарын 1-нд өвөлжилтийн бэлтгэл дөнгөж 45 хувьтай байжээ.
Иймээс Засгийн газраас шийдвэр гаргаж хоёр уурхайд 20 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгосноор, цахилгаан станцуудад нүүрсээ хэвийн хэмжээнд нийлүүлэх боломж бүрджээ. Ингээд өнөөдрийн байдлаар, авахад бэлэн нүүрсний нөөц 380 мянган тонн байгааг дуулгав. Өвлийн ид ачааллын үед энэ тоо 450 мянгад хүрэх юм байна.
Өнөөдрийн байдлаар ДЦС-4-ийн цех 185 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа аж. Энэ нь 21 хоногийн хүрэлцээ юм байна. Хоногт 8500-9000 тонн нүүрс түлж байгаа аж. Одоогоор таван зуух л ажиллаж байгаа. Удахгүй долоон зуух ажиллаад ирвэл хоногт 13 мянган тонныг түлэх юм байна.
Өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан ч тулгамдсан хэд хэдэн асуудлыг станцынхан ярьсан юм. Тухайлбал, найман зуухаа өндөр ачааллаар ажиллуулахад нүүрсний илчлэг багадаж мэдэхээр байгаа аж. Энэ талаар Түлш дамжуулах цехийн дарга П.Баяр-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар Багануурын уурхайн нүүрсний илчлэг 3160 байна. Харин Шивээ-Овоогийн нүүрсний илчлэг 3030 байдаг. Шивээ-Овоогийн нүүрсний илчлэг л гэхэд жил ирэх тусам буурсаар өнгөрсөн онд 2967-той гарсан. Гэтэл бидний зүгээс найман зуухаа 500 тонн цаг хүртэл ачаалал авах боломжтойгоор шинэчлэл хийсэн. Ингэж ажиллахын тулд нүүрсний илчлэгийг 3300-аас дээш болгох хэрэгтэй байна. Үүнтэй уялдуулан ирэх жил Багануурын уурхайгаас 60 хувь, Шивээ-Овоогоос 40 хувийн нүүрс авахаар санал өгсөн” гэлээ.
Тулгамдаж буй бас нэг асуудал нь ус цэвэрлэгээний хэсэгт бий хэмээн Турбин цехийн дарга Д.Ганхуяг хэлэв. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн бохирдлоос хамаараад хөрсний гүнээр дамжин бохир ирэх болжээ. Үүнээс болоод станцын ус цэвэрлэгээний хэсэгт хүндрэл гарч эхэлсэн байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бийг Эрчим хүчний сайдад уламжилсан юм.
Эрчим хүчний салбарын өвөлжилтөд тулгамддаг бас нэг асуудал нь шугам сүлжээний насжилт хэтэрсэнд байдаг. Нийт шугам сүлжээний 50 хувийнх нь насжилт хэтэрчээ. Тиймээс энэ асуудалд Засгийн газраас анхаарч, ирэх онд таван тэрбум төгрөгийг шугам сүлжээний засвар, шинэчлэлд зарцуулахаар тооцоолжээ. Улмаар нэн яаралтай засварлах шаардлагатай, гал алдаж болзошгүй хэд хэдэн үндсэн магистрал шугам сүлжээг засах юм байна. Нэн тэргүүнд Таван шарын урдуур татагдсан сувагжилтгүй шугамыг засахаар төлөвлөжээ.
Ямартай ч салбарынхны зүгээс эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан гэж тайлбарлалаа. Өвөлжилтийн бэлтгэл эцсийн байдлаар энэ сарын 15-нд дуусах юм байна.
Б.ЗОЛЗАЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ