УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцэж байгаад завсарлалаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хөтөлбөрт Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх, банкны системийн чанаргүй зээлийг бууруулах зэрэг макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх.
Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Одоогийн байдлаар 35 мянган айлын орон сууц бэлэн болж, ашиглалтад орсон байна. Энийгээ хэвээр нь хадгалаад байх юм уу. Байранд орох сонирхолтой, газраа байраар солих хүсэлтэй олон мянган иргэн бий. Тэд газраа өгөөд нэг өрөө байранд ч болов оръё гэж байна. Энэ түгжээг яаж гаргах вэ.
УИХ-аас хоёр жилийн өмнө Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг баталж байсан, үүнтэй одоогийн хөтөлбөр нэрнээсээ эхлээд олон зүйлээр адилхан байна. Казино байгуулах, морин уралдаан, Тавантолгой, Оюутолгой, алт гээд ярьж байсан, энэ бүхэн багтжээ. Гэтэл тэр хөтөлбөр хэрэгжээгүйгээр барахгүй улсыг доод цэгт аваачсан. Валютын ханшийг яаж тогтворжуулах вэ, хүмүүсээ яаж ажилтай байлгах вэ, ажлын байрыг яаж хадгалах вэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 8 хувийн ипотектэй холбоотойгор 2 ойлголт явж байна. Засгийн газар шийдвэрээ гаргасан. Монголбанкны зүгээс 2017 оноос ипотекийн зээлийг яаж шийдвэрлэх талаар эхний саналуудыг өгч байна. Гадаадаас бодит эх үүсвэр оруулж ирж санхүүжүүлэхгүй өмнөх шигээ дотооддоо мөнгө хэвлэвэл долларын ханш 3000-д хүрнэ. Ойрын хугацаанд энэ хэлэлцээрийг дуусгах тал дээр ажиллаж байна.
Хоёр жилийн өмнө УИХ-аас яах аргагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр баталсан. Өнгөрсөн эрх баригчдын батлуулсан хөтөлбөр нь мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж, хөтөлбөр хэргжүүлнэ гэсэн учраас ийм нөхцөл байдал үүссэн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, экспортоо нэмэгдүүлж байж ханш тогтворжино. Ханшны өсөлт нь улирлын сезонтой бас холбогддог учраас ирэх хавар бүтээн байгуулалт эхлэхэд том төслүүдээ хөдөлгөхөөр Засгийн газар ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр, хөнгөлөлттэй эх үүсвэрийг гадны санхүүгийн байгууллага, хөрш орнуудаас авч байж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.
Хөтөлбөрт зааснаа хэрэгжүүлсэн нөхцөлд 50 мянган ажлын байр бий болгоно. Ажилгүйдлийн төвшинг 8 хувь руу буулгах боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Батзориг: Ипотекийн зээл зогсчихсон байгаа шүү дээ, өгч байгаа гэж ард түмнээ ч хуураад, УИХ-аа ч хураад л байна?
Б.Чойжилсүрэн: Ипотекийн зээлийн эх үүсвэр олохын тулд бодит хэлэлцээр явж байгаа, бүтээчихээд та бүхэндээ хэлье дээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Валютын ханшийн өсөлтийг яаж сааруулах вэ. Хямралыг даван туулах хөтөлбөртэй цуг оруулж ирсэн хуулиудад Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль, Дэмпингийн хуулиуд алга. Энэ хуулиудыг батлах шаардлагатай.
Хоёрт, 60 сая малаа цаашдаа яах вэ. Экспортод гаргах ёстой гэдэг, хоёр хөрштэй хийж байгаа хэлэлцээр байна уу, тарифын хөнгөлөлтийг бууруулах гэхмэтчлэн. Хил залгаа мужуудад мах махан бүтээгдэхүүнээ боловсруулах, экспортлох боломж бүрдэнэ.
Зээлийн үр дүн ирэх жилээс гарна, олон жижиг дунд үйлдвэр болж гарна. Дотоодын борлуулалт өсөхөд мөнгөний урсгал нь даах уу?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Сүүлийн 2-3 сард доларын ханш 400 төгрөгөөр өссөн нь валютын нөөцгүй болсонтой л холбоотой.
60 сая малаа яах вэ гэхээр хонхортоо хэрэглээгээ нэмээд хөгжихгүй учраас Засгийн газар тодорхой ажил хийж эхэлсэн, 4-5 мах боловсруулах үйлдвэр баръя гэж ярьж байна.
Дотоодын борлуулалтыг хэт өсгөөд хөгжихгүй гэдгээ харсан учраас валютыг оруулж ирэхийн тулд экспортыг өсгөх шаардлагатай. Ингэхий тулд хоёр хөршөөсөө тарифын хөнгөлөлт авахын төлөө Гадаад яам, Сангийн яам хамтраад ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бловсруулж экспортод гаргах нь тулгамдсан асуудал болж хувирсан. Арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох. Мах, махан бүтээгдэхүүн сүү төслүүдийг эдийн засгийг тогтворжуулахтай холбогдуулаад явж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Манайх шиг эдийн засагтай орнууд нислэгийг төрийн бодлогын төвшинд авч үзээд хямралаас гарсан. Жишээ нь Шинэ Зеланд 3900 гаруй жижиг онгоц гаргаад ажлын байр олноор бий болгосон. Манай намын мөрийн хөтөлбөрт ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлье гэдэг зорилт орсон. Зам тээврийн яам энэний нэгжийг байгуулахаар ажиллаж байгаа юм билээ. Үүнийгээ хөтөлбөрт оруулж өгөх.
Тэгвэл аймаг, сумдад ашиглагдахгүй байгаа талбайгаа ашиглана. Түргэн тусламжийг ерөнхий зохицуулалтын нислэгийн хүрээнд хийх боломжтой.
Уул уурхайн компаниуд гадны нисгэгч, гадаадын онгоц хөлсөлдөг. Ингэж асар их хөрөнгө гадагшаа гаргаж байгаа. Ийм учраас энэ асуудлыг хөтөлбөрт тусгаж өгөөч гэдэг саналтай байна гэлээ.