Өнөөгийн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх “Цайны зам" чухам ямар чиглэлд хэдэн замаар явж байсан тухай эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2016.11.04/ Үндэсний түүхийн музейд болж байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Одоогоор манай улсын жуулчдын тоо тогтвортой байгаа. Цаашдаа жуулчдын тоог нэмэхээс илүүтэйгээр эдийн засагт нөлөөлж буй үр дүн хэр өгөөжтэй гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өнгөрсөн зун Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван улсын “Цайны зам” олон улсын холбоог байгуулж, томоохон эдийн засгийн коридорыг нээж, аялал жуулчлал, бизнесийн чиглэлд ажиллах боломжтой болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд жуулчдад ээлтэй аюулгүй Улаанбаатар хот болох хөтөлбөрүүдийг санаачилж байгаа” гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Өнөөдрийн гол асуудал бол хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ууд хил дамнасан аялал жуулчлалыг 2007 оноос эрчимтэй хөгжүүлж, байна. Манай яамны зүгээс 2011 оноос хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажилласан. Хамгийн түрүүнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүний дагуу Дэлхийн 33 орон нэгдэн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Мөн өнөөдрийн “Цайны зам” хэмээх маршрут байна. Энэ нь аялалын цоо шинэ бүтээгдэхүүн, төрөл болж дэлхийн зах зээл болж эрэлттэй байна гэдэгт найдаж байна. Мөн манай улс ирэх жилээс “Цайны зам” хөтөлбөрийнхөө аяллын маршрутыг батлах шаардлагатай болж байна. Тооцоо судалгааны хувьд 2020 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилттой ажиллаж байна. Одоогоор нийт зорчигдчдын 10 хувь нь аялагчид байх жишээтэй” гэсэн юм.
Монгол улсын их сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ш.Эгшиг “17-гоос 19 зууны хооронд ойролцоогоор 200 гаруй жил “Цайны зам” худалдааны зам гарсан түүхтэй. Өмнө нь уг худалдааны замыг “Цайны зам” гэж нэрлэдэггүй байсан. Энэхүү нэр томъёог 19 зууны үеэс хэрэглэж эхлэсэн. Тухайн үеийн худалдааны замын 10 мянга гаруй урт одоогийн “Торгоны зам”-ын урттай ойролцоо байжээ. Энэ замын 1000 км хэсэг нь Монголын нутгаар дайран өнгөрдөг байсан. Одоо бид өмнөх түүхэн туршлагаа ашиглан өргөжүүлж, хөгжүүлэх нь зүйтэй” гэж ярилаа.
Харин “Цайны зам” аялал жуулчлалын нөөц боломжийн талаар “Монголиан Корперэйт трэйвел” компанийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв “Бид ирээдүйд хүссэн хүсээгүй БНХАУ-ын жуулчин авах шаардлага гарна. Өнөөдөр дэлхий дахинд 60 гаруй сая иргэн аялж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар энэ тоо 2020 онд 100 сая хүрнэ гэсэн. Бидний сайн мэдэх БНСУ-д жилд 7 сая гаруй хятад иргэд аялж, нийт 20 тэрбум ам.долларыг эдийн засагт оруулдаг. Харин АНУ-д 1.8 сая жуулчин жуулчилж, 10 тэрбум орчим ам.долларыг эдийн засагт оруулсан байх жишээтэй” хэмээн танилцууллаа.
А.СҮРЭН