Ойгоо угтсан их бүтээн байгуулалтаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Ойгоо угтсан их бүтээн байгуулалтаа дүгнэлээ

Ховд аймгийн  80 жилийн ой долдугаар сарын 22-нд болох гэж байгаа билээ. Тус аймаг ойгоо угтан 80 бүтээлч ажил өрнүүлэн арав хоног тутам дүгнэсэн юм. Саяхан болж өнгөрсөн Засаг даргын зөвлөлийн хурлаар их бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжлийн жилийн ажил, “Миний хот-Миний гэр” аяны хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, явцтай сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар биечлэн танилцжээ. Дээрх ажлууд одоогийн байдлаар  80 гаруй хувьтай хийгдэж байгаа гэнэ. Ховд хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй УЦУОШГазар, нэгдүгээр цэцэрлэг, наймдугаар цэцэрлэг, Хөгжимт драмын театр, ХААИС, дулааны Бадамлах дөл ХХК,  Хас банк, ХАН Жаргалант Ховд хоршоо зэрэг 130 гаруй аж ахуй нэгж, албан байгууллагууд  гадна орчноо тохижуулан будаж шохойдон, мод бут тариалан хайс хамгаалалт хийн хаягаа шинэчлэн гэрэлтүүлэгтэй болгож, найм, арваннэгдүгээр цэцэрлэг, хүүхдийн төлөө төв, гуравдугаар сургууль зэрэг газрууд үүдэндээ шинээр усан оргилуур тавьж, төв талбайн усан оргилуурыг шинэчлэн засварлаж, Улаан богочийн  рашаанд сүүдрэвч,  хогийн цэг, “бие засах” газрыг шинээр байрлуулаад  байгаа ажээ.

Түүнчлэн Ховд хотын төв талбайн эргэн тойрны 6000 метр садыг бүрэн шинэчлэн засварлаж, 3500м2 талбайд зүлэгийн үр суулгаж, 1000м2 талбайд 100 ширхэг хайлаас шилжүүлэн суулгаж, 2000м бороожуулагч шланк суурилуулан  1.5 м2 талбайд 13000 цэцэг тарьж,  сумын хэмжээнд 750 айл өрх, 30 аж ахуйн нэгж байгууллага 38000 мод бут, сөөг тариалаж  600 м газар шинээр суваг шуудуу татаж, усжуулалтын труба суулгав.   

Мөн 376 сая төгрөгийн өртөг бүхий 247 гэрлийн шон суулгаж, Ховд хотыг гэрэлтүүлэх ажил 60 орчим хувьтай явагдаж байна

Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 сая төгрөгийн өртөг бүхий найман автобусны зогсоол, 20 орчим сая төгрөгийн өртгөөр үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлаж, 12 сая төгрөгөөр наран, рашаант багийн уулзварт ус түгээх цэг байгуулах, 9.5 сая төгрөгөөр зөөврийн тайз хийх, 18 сая төгрөгөөр цамбагарав багийн нутаг  голын ард цахилгааны дэд станц барих,жаргалан багийн өрхийн эмнэлэгт таван сая төгрөгөөр чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг тендерийн дагуу хариуцсан компиани, аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж