
Энэтхэг улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бол Пратибха Девисингх Патил. Тэрбээр 2007 оны долоодугаар сарын 25-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Гэхдээ өрсөлдөгчөөсөө 300 мянга гаруй санал илүү авч байсан нь Ерөнхийлөгчөөр ажиллах эрхийг нь нээж өгсөн юм. Түүний имижийг “Ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжигч” хэмээн тодорхойлж болно. Түүнчлэн эмэгтэй улстөрч бүрт заяагаад байхгүй тийм л энэрэнгүй зантай ч гэж хэлж болох гэнэ. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн үнэ цэнийг мэдрүүлж чадсан. Нэг үгээр хэлбэл Энэтхэг эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг гэж ч болно. Хуулийн сургуульд суралцсаныхаа дараа нийгмийг соён гэгээрүүлэх арга хэмжээнд гар бие оролцож байсан нь Пратибха Девисингх Патилыг ямар хүн болохыг нь илтгэдэг гэдэг. Тэрбээр 1967 онд Ерөнхий сайдын орлогчоор сонгогдон ажилласан тэр үеэс эхлэн улс төртэй салшгүй холбогдсон нэгэн. Анхны гэх тодотголын эзэн болсон тэрбээр 1985, 1990, 1991 онд Энэтхэг улсын Парламентын гишүүнээр ажиллаж байсан. Түүнчлэн Энэтхэгийн үндэсний конгресс намын гишүүн. Ийнхүү Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч манай улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлалын зорилго нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол болон оюутны солилцоог эрчимжүүлэхэд илүү анхаарах явдал аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын гишүүдтэй уулзах юм.
Ц.ЭНХЦЭЦЭГ