УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Билэгт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурийг шүүгч нар нь барьдаг болсон байна. Гадны хөрөнгө оруулагч нарын ажлыг гацаагаад байгаа шүүгч нарыг яах ёстой вэ. Энэ тухай бодитой жишээ байна. Шүүгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой бодитой судалгаа юу байна вэ?
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч шүүгч нарын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, хуулиар хориглосон. Энэ асуудлыг Монголын хуульчдын холбоонд шилжүүлсэн. Энэ байгууллагын дэргэд шүүгч нарын ёс зүйтэй холбоотой хариуцлагын хороод ажилладаг. Хуульчдын ёс зүйн хороонд хандах ёстой.
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шалгахаар хуульчилсан. Энэ асуудлаа байнгын хороонд гарга. Харин авлига авсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг АТГ шалгана. Ажиллахад бэлэн. Одоогоор шүүгч нартай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Албан тушаалд томилогдохын тулд арван давхар барилгатай компаниа долоо хоногийн дотор зараад хөрөнгөгүй болоод ороод ирдэг боллоо.
Дүүгээ нэг салбарт ажиллаж байна гээд халдаг боллоо. Хоорондоо үгсэн тохирч хулгай хийгээд л байхгүй бол ажлаа хийж л байна биз дээ. Албан тушаалд томилохгүй л байна биз дээ.
Төрийн албаны зөвлөл гэж тоглоомын байгууллага байна. Ийм байхад АТГ-ын дэргэд сургалтын байгууллага байгуулъя ч гэх шиг, энийгээ боль. Авлигыг таньдаг хүмүүсээр нь нөлөөлүүлж алга болгоно гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АТГ –аас авдаг лавлагааг боловсронгуй болгох шаардлага байна. Энэ хүн албан тушаал дээр томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй байна уу үгүй юу гэдэг дүгнэлт л гаргах ёстой болохоос биш энэ ажлын байран дээр тэнцэхгүй гэдэг юм гаргадаг.
Төрийн албаны зөвлөлөөс шалгаруулалтад ороод тэнцсэн бол ашиг сонирхлын зөрчилтэй холбогдох дүгнэлт л гарах ёстой. Утгагүй юм их явж байна. Өдөрт хэдэн бичиг дээр та гарын үсэг зурдаг вэ. Таны ширээн дээр өдөрт хэдэн бичиг байна.
Ашиг сонирхлын тухай хуулиар нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү шилжихэд ч лавлагаа авдаг. Аймаг, сумдаас ч энэ чиглэлийн бүх лавлагаа авах хүсэлт ирүүлдэг. Боловсронгуй болгохгүй бол болохгүй гэсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд мөн үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор байнгын хорооноос оруулж ирсэн саналуудаар санал хураалгалаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлээд байна. Үдээс хойших хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.
Г.ДАРЬ