Саяхан л “Хаврын тариалалт дууслаа” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл одоо ургац хураах цаг хаяанд ирсэн байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.
-Ургац хураалт эхлэх цаг дөхсөн байна. Бэлтгэл ажлыг улсын хэмжээнд хэрхэн хангаж байгаа бол?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гээд холбогдох газрууд ургац хураах бэлтгэлийг тариалалт дууссан цагаас л хийж эхэлсэн. Ирэх сарын эхээр ургацын урьдчилсан баланс гарна. Ургац хураалт ирэх сарын 20-д гараад эхлэх байх. Одоо шаардлагатай техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд хийж байна. Ургац хураах техник, буюу комбайныг шинээр авч, хуучин техникээ засаж, сэлбэж байгаа.
-Ургац хураалтын улсын комисс хуралдах үеэр техник, хэрэгсэл ярианы гол сэдэв болдог. “Улсын хэмжээнд хангалтгүй байна” гээд л?
-Ерөнхийдөө ургац хураалтын гол техник болох комбайны хүрэлцээ муу байдаг. Тиймээс энэ жил 19 комбайныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авахаар болсон. Ургац хураалтаас өмнө оруулж ирнэ. Түүнчлэн үтрэмийн техник, тоног төхөөрөмж авахаар болсон. Үтрэм дээр тариа, буудай нь буучихаад байхад техник хэрэгсэл нь хүрэлцэхгүй хүлээгдэх тохиолдол их гардаг. Тиймээс үр тариа цэвэрлэх төхөөрөмж 34 ширхэгийг авахаар болсон юм. Шаардлагатай байгаа газруудад нь хуваарилж өгнө. Бас 300-500 тоннын багтаамжтай үр тарианы агуулах 30 орчмыг шинээр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Агуулахыг угсардаг юм. Худалдаж авах хүсэлтэй компаниуд хүсэлтээ гаргаад 30 хувийн урьдчилгаатай, гурван жилийн хугацаатай зээл авах боломжтой.
-Тэгвэл тээвэрлэлтийн тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Энэ ч бас гол сэдэв болдог шүү дээ?
-Тийм. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын томоохон үйлдвэрүүд тээврийн компанитай гэрээ хийх замаар энэ асуудлыг зохицуулж байгаа.
-Энэ зун хур тунадас их орж байна. Үр тарианы ургалтад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ оны хувьд тариалалтыг өмнөх оныхоос тодорхой хэмжээгээр их талбайд хийсэн шүү дээ. Улаанбуудайг л гэхэд өмнөх оныхоос 42 мянган га илүү талбайд тариалсан. Цаг агаарын хувьд зургаадугаар сард хур тунадасны хэмжээ их байсан нь соёололт, бутлалтад эерэгээр нөлөөлсөн.
-Ирэх жил тариалалт хийх талбайд уринш хийж дууссан уу?
-Бэлтгэсэн талбайдаа нэгдүгээр боловсруулалт хийж ерөнхийдөө дууссан. Одоо хоёрдугаар боловсруулалтыг хийж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. Ерөнхийдөө нийт талбайд уринш хийж удахгүй дуусна.
-Намрын ургац хураалтад 9000 тонн түлш шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байсан. Хаанаас ямар, журмаар авах гэж байна вэ?
-Хаврын тариалалт болон уринш бэлтгэхэд зарцуулсан шатахууныг 30 хувийн урьдчилгаа төлөөд шатахуун зээлээр авсан. Үлдсэн төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр авах зохицуулалтыг хийсэн байгаа. Ургац хураалтын шатахууныг ч гэсэн орлогоос нөхөн төлөх нөхцөлтэйгээр зээлээр авна. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
