Жолооч нар даатгалын талаар мэдээлэл муутай байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Жолооч нар даатгалын талаар мэдээлэл муутай байна

ЖОЛООЧ НАР ДААТГАЛЫГ ЗӨВ ГЭЖ ҮЗДЭГ Ч МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ БАЙНА


Жолооч хүн хариуцлага алдъя гэж хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ ямар
нэгэн байдлаар осол, аваар гарсаар байдаг. Тэр тусмаа төвлөрөл ихтэй
нийслэл хотод өдөр бүр мөргөлдсөн, шүргэлцсэн автомашинтай таарч байна.
Тээврийн хэрэгсэл олонтой манайхаас бусад орон энэ асуудлаа Жолоочийн
хариуцлагын даатгал гээч зүйлээр шийдчихсэн байдаг аж. Манай улсад энэ
хуулийг ирэх оноос хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгаа. Энэ талаар
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд “Сүүлийн
жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй олширч байна. Үүнийг дагаад
зам, тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай. Жолоочийн хариуцлагын даатгал
нь  гуравдагч этгээд буюу жолооч биш, хэн нэгэн явган зорчигч, такси
болон нийтийн тээвэрт үйлчлүүлж байгаа хүн, гудамж талбайн хажуугаар
байрлах өмч хөрөнгийг хамгаалах зорилготой. Гуравдагч этгээд, аливаа
хохирлыг барагдуулна гэдэг үргэлж асуудалтай байдаг. Шүүх, цагдаагаар
шийдүүлэх гээд удааширдаг. Эсвэл хохирлыг нь барагдуулж чадахгүй
хэрэгтэн нь шоронд ороод л гуравдагч этгээдээ хохиролтой үлдээдэг.
Тиймээс жолооч нараас тодорхой хэмжээний мөнгө хурааж даатгалын сандаа
хуримтлуулснаар гуравдагч этгээдүүдийн хохирлыг барагдуулах арга хэмжээ
авна” хэмээн ярьсан юм. Мөн энэ салбарын мэргэжилтнүүд тэр дундаа
даатгалын компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Монголын Санхүүгийн зах
зээлийн холбооны ерөнхийлөгч, “Мандал” даатгалын компанийн ерөнхий
захирал Ө.Ганзориг “Манайхаас бусад оронд энэ төрлийн даатгалын
үйлчилгээг аль хэдийнэ нэвтрүүлсэн байдаг. Хувийн даатгалын компаниудаас
гадна төрөөс ийм даатгалын үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй. Мэдээж заавал
даатгал байх учиртай” хэмээсэн юм.

Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар сүүлийн зургаан жилийн хугацаанд зам,
тээврийн 7000 гаруй осол гарч 930 хүн бэртэж, 320 хүн нас баржээ. Дээр
нь хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл сүүлийн хоёр жилд огцом нэмэгдээд
байгаа аж. Мөн хамгийн сүүлийн мэдээллээр манай улс 772 мянган жолоочтой
болоод амжжээ.

Жолоочийн хариуцлагын даатгалын талаар жолооч нарын байр суурийг сонирхсоноо хүргэе.

Б.Өлзий: ЖОЛООЧ НАРЫН ОЛОНХ НЬ ДААТГАЛЫН ТАЛААР  ОЙЛГОЛТГҮЙ БАЙДАГ

-Хэчнээн сайн жолооч байлаа гээд цагаа тулах юм бол аваар гаргахгүй гэх
баталгаа байхгүй. Хариуцлагын даатгал гэдэг чинь өрөөл бусдаас
шалтгаалаад ямар нэгэн осолд орчих юм бол тэр хохирлыг нь даатгалын
сангаас нь гаргаж өгдөг юм гэж сонссон. Миний хувьд ийм л ойлголттой
байгаа. Гэхдээ даатгалынх нь хувьд дэмжиж байгаа. Ер нь даатгал гэхээр
жолооч нар цэрвэдэг юм шиг санагддаг. Бид жишээ нь үзлэгт орж, машинаа
даатгуулах гэхээр даатгалын компанийн менежерүүд сурталчилгааны
материалаа барьж ирээд шавчихдаг. Тэгэхээр бараг л зугтдаг даа.

Ж.Цээсүрэн: ХУРААМЖ НЬ ӨНДӨР БИШ БОЛ ДААТГАЛД ХАМРАГДАХАД ЦААРГАЛАХ ЗҮЙЛГҮЙ

-Миний хувьд жолоо бариад удаагүй байна. Тиймээс автомашинаа ямар ч
байсан даатгуулсан. Харин Жолоочийн хариуцлагын даатгалын хувьд заавал
төлөх ёстой даатгал байдаг гэж сонссон. Хураамж нь хэд байхаар тогтсон
юм мэдэхгүй байна. Гэхдээ хэдэн зуун мянган төгрөг биш бол төлөөд байх
боломжтой гэж бодож байна. Хураамж нь жилдээ 50-60 мянган төгрөг байвал
цааргалах зүйлгүй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж