-“Цөм удирдагч” өргөмжлөлийг Бүгд найрамдах Хятад улсыг байгуулсан Мао Зедун, түүний залгамжлагч Дэн Сяопин, мөн Зянь Земин дарга нар хүртэж байсан-
БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Хятадын Коммунист нам “цөм удирдагч” хэмээн өргөмжилж байгааг Хятадын төрийн мэдээллийн гол суваг Синьхуа агентлаг өчигдөр /2016.10.27/ мэдээллээ. Ингэснээр тэрбээр Хятадын төрийн түүхийн сүүлийн арван жилийн хүлээн зөвшөөрөгдсөн гол удирдагч болж байгаа юм.
Энэ долоо хоногт Хятадын Коммунист намын Бүгд хурал хуралдсан бөгөөд энэ нь ирэх жил болох Их хурлын өмнөх бэлтгэл юм. Энэ Их хурлын өмнө Си Жиньпинийг ийнхүү өргөмжилж байгаа нь түүний эрх мэдлийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ эрх мэдлийнхээ хүрээнд Их хурлаар томоохон халаа сэлгээ хийхийг үгүйсгэхгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Ялангуяа Коммунист намын Төв хорооны Байнгын хорооны дарга нарын асуудал хөндөгдөнө гэж үзэж байна.
“Цөм удирдагч” өргөмжлөлийг Бүгд найрамдах Хятад улсыг байгуулсан Мао Зедун, түүний залгамжлагч Дэн Сяопин, мөн Зянь Земин дарга нар хүртэж байсан. Харин Си Жиньпиний өмнөх Ху Жинтао даргад энэ өргөмжлөлийг өгөөгүй юм. Си Жиньпин дарга ажлаа авсанаас хойш авлига, хээл хахууль, хүнд суртлын эсрэг далайцтай тэмцлийг өрнүүлж, тодорхой амжилтад хүрсэнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг төдийгүй өмнөх дарга Ху Жинтаогийн хүрээллийг шахан зайлуулсаны илрэл гэж бас тайлбарлах хүн байна.
А.ШАРАВ