Охин хүүхдэд дэндүү харш Пакистан улс

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Охин хүүхдэд дэндүү харш Пакистан улс

Пакистаны Карачи хотын эмнэлгийн цогцос хадгалах газарт гонзгой талхны хэмжээтэй даавуун уутнуудад нярай хүүхийн цогцоснуудыг хийж эгнүүлэн өржээ. Пакистанд дөнгөж төрсөн хүүхдийн хүйс охин байвал тэр дор нь устгадаг явдал сүүлийн жилүүдэд огцом олширч, хөөрхий хүүхдүүд олны нүдэнд ил эмгэнэлт явдлын золиос болсоор байна. Тэдгээр нялхсыг дүүжилж, хутгалж, шатааж амийг нь хөнөөдөг тухай Пакистаны хүмүүнлэгийн байгууллагын ажилтан дурьджээ. Өнгөрсөн 2010 оны байдлаар Пакистанд 1200 гаруй дөнгөж төрсөн хүүхдийг хороосон хэмээн бүртгэгдэж байсан бол энэ жил одоогийн байдлаар дээрх тоо 200 гаруйгаар нэмэгдээд байна. Охин хүүхдэд энэрэлгүй Пакистаны нийгэмд тогтсон заншлын дагуу гэрлээгүй эмэгтэй хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрдөггүй тул энэ үзлээр мөн гэмгүй бяцхан үрсийг хороосоор байна. Хүүхдүүдийн цогцос ихэвчлэн Карачи хотын хогийн цэгүүдээс олддог ба зарим үед золбин амьтдын хоол болсон байх нь элбэг ажээ.

Пакистан улсад эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөж, ажил хийхийг хориглодог учраас охин хүүхэд тэжээх нь зардлын нэмэр гэж үзэх нь элбэг. Статистик тоо баримтаар 10 охин хүүхэд тутмын есөд эцэг эхчүүд нь ийм хандлагаар ханддаг. Энэ эмгэнэлтэй гэмээр хахир уламжлалыг халах цаг ирснийг хүмүүнлэгийн байгууллагууд онцолж, олон нийтийг сурталжуулах хэрэгтэй гэж уриалсаар байгаа ч тэр бүр амжилтад хүрэхгүй байна. Пакистаны засгийн газрын зүгээс боловсролын системийг сайжруулж байгаа гэж мэдэгдэж байгаа ч одоо хүртэл 55 сая Пакистан иргэн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгаа тухай НҮБ-ын тайланд дурджээ. Үүний зэрэгцээ Пакистаны засгийн газар Талиб, Исламын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ихээхэн хөрөнгө зарж тэмцсээр өмнөх өрөө дийлэхээ больж эхлээд байгаа юм. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийг олноор нь устгаж байгаа хэргийн мөрөөр мөрдөж шалгалгүй, ихэнх тохиолдолд зөнд нь орхидог нь хүүхдээ хүн гэж үзэхгүй улаан гараараа хүйс тэмтэрч байгаа эцэг эхчүүдийн үйлдлийг өөгшүүлэхэд хүргэж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэй хүүхдийг хүчирхийллийн бай болгож, гадуурхаж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд бичдэг ч цаасан дээр бичсэн үг төдийхнөөр улс орнуудын чихний хажуугаар нисч өнгөрсөөр л байна. Азийн улс орнуудад хүйсийн харьцаа 130 хүү, 100 охин байна гэж НҮБ тогтоожээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж