Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 2018 оноос ашиглалтад орно. Энэхүү онгоцны буудал ашиглалтад орсны дараа “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг хэрхэн ашиглах талаар Зам тээврийн сайд Д.Ганбатаас тодруулсан юм.
Тэрбээр “Агаарын тээврийн орон зай гэдэг бол их чухал асуудал. Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтэрч байгаа гадаадын онгоцны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Үүний үндсэн дээр агаарын навигацийн орлогыг нэмэгдэнэ. Тухайлбал, Солонгос, Японы зарим агаарын хөлөг Европын орнууд руу нислэг үйлдэхдээ Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч чадахгүй, Оросын нутгаар дайрч өнгөрдөг. Хэрэв Монголын нутгаар дамжин өнгөрвөл нэгдүгээрт, агаарын орон зайг ашиглуулсан навигацийн орлого авах боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, цаад авиа компаниуд явах замаа 40-50 минутаар хэмнэнэ. Энэ утгаараа ашиг сонирхол нэгдэж байгаа ч Бээжингийн агаарын орон зайн нягтаршлаас шалтгаалаад боломжгүй гэдэг хариуг өгдөг. Тиймээс бид энэ асуудлаар Хятадын талтай ажиллах ёстойг ойлгож байна. Шаардлагатай бол агаарын хаалгаа нэмэх боломж байгаа гэж үзээд энэ талын ажлыг идэвхжүүлэхэд анхаарч байна. Зөвхөн агаарын орон зайг ашиглаж орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна, өөр ямар хэлбэрийн ажил үйлчилгээ явуулбал орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр манай яам онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад орсны дараа “Чингис хаан” нисэх буудлыг хэрхэн ашиглах вэ гэж ярилцаж байна. Хятад улсад гэхэд 3000 гаруй нисгэгч дутагдалтай, Солонгост мөн л нисгэгч дутагдалтай байна. Эдгээр улс орнууд АНУ, Канадад нисгэгчээ бэлтгэдэг. Нэг нисгэгч бэлтгэхэд 100-150 мянган ам.долларын зардал гардаг. Тиймээс манай улс шиг агаарын орон зай нь сийрэг, боломжтой оронд нисгэгч бэлтгэх сургууль байгуулаад, “Чингис хаан” буудлыг ашиглах боломж байгаа. Энэ асуудлаар судалгаа хийгээд, саналаа ирүүлсэн компаниуд бий. Тиймээс манай яам бодлогоор дэмжиж ажиллах болно” гэлээ.
Т.ДАВААНЯМ