
Гэхдээ сонгууль хүртэл Н.Энхбаяр зөвхөн МАХН дээр суурилсан улс төр хийх сонирхолгүй байгаа нь та бидний өмнө ил болж байна. Ингэхдээ тэрбээр “шинэ МАХН ба түүний нөхөд” гэсэн томъёоллыг Монголын улс төрд оруулж ирэх замаар гуравдагч хүчний орон зайг эрэлхийлж буй нь нууц биш аж. Хэрэв тэр зөвхөн МАХН-ыг шинэчлэгчид гэх Ерөнхий сайд С.Батболд, У.Хүрэлсүх нараас аврахыг хүссэн бол Үндэсний шинэ нам, Амлалт нэхэх ард түмний холбоо мэттэй нийлэхгүй байсан. Нам доторх шинэчлэлд жинхэнэ утгаараа хутгалдахыг зорьсон бол Ардын нам дотроос гишүүнийх нь хувиар гал асаах нь түүнд хэрэгтэй байсан. Гэвч тэр огт өөр замыг сонгож, улмаар Улсын дээд шүүх Монгол ардын хувьсгалт намын батламж гардуулсан үйл хэргээ шийдвэртэйгээр хамгаалах нь тодорхой болчихоод байгаад сэтгэл ханахгүй бололтой.
Үнэндээ арга ч үгүй. Бүхэл бүтэн Монголын хамгийн том намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан хүний амбиц яахан жижиг намын даргын суудлаар ханах билээ дээ. Тийм болохоор зөвхөн ирэх оны УИХ-ын сонгуулиар дамжуулж, улс төрийн нөлөөгөө зузаатгах их хүслээ тэрбээр гуравдагч хүчний зорилгоор дамжуулан биелүүлэхийг хүссэн нь энэ. Гэвч МАХН гэсэн нэр түүнд үлдэхтэй зэрэгцээд журмын нөхөд нь салж бутарсан нь хачирхалтай. С.Молор-Эрдэнэ Н.Энхбаярыгаа М.Энхсайхан хийгээд түүний нөхдөөр хүч нэмэхтэй зэрэгцээд л салаа замыг сонгосон. Монгол Ардын намын үзэл баримтлалын тодотгол нь онолын хувьд боломжгүй гэдгийг дэлгэсэн Ю.Атар багш ч эцэс сүүлдээ Н.Энхбаярын зорилго цэвэр сайн санааны төлөө бус саар сонирхлоос үүдэлтэй гэдгийг мэдчихсэн. Мэдсэн даруйдаа тэд зайгаа барьж, нарийн бичгийн даргын албаа өгсөн. Харин Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам тэргүүтэй улс төрийн хүчний удирдлагуудын хувьд Н.Энхбаярын удаан жилийн улс төрийн намтрыг нь ашиглан гуравдагч хүчний орон зайг хамтдаа эзлэх боломжтой хэмээн төсөөлж буй нь буруу зүйл биш. Учир нь ирэх УИХ-ын сонгуулиар ганц ч болов суудал олж авах боломж нь тэдний хувьд ердөө л энэ. Гэсэн ч цаашдаа тэдний энэ насны хамтрагчид байж чадах, эсэх нь эргэлзээтэй юм. Улс төрөөр тоглож, улстөрчидтэй тоглож сурсан тэдний хувьд нийлэх, салах нь асуудал биш болсоор удаж буй. Иймээс ч Хууль зүйн сайд асан Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, улс төр судлаач С.Эрдэнэтуул тэргүүтнүүдтэй хамтран ажиллах нь тэдний хувьд боломжийн сайхан хувилбар санагдаж байж болох. Ингэхдээ “Бид төрийн эргэлт ч болов хийгээд намынхаа нэрийг авна” гэсэн Н.Удвал даргын мэдэгдэл тэдэнд онцгой зориг оруулсан байхыг үгүйсгэх аргагүй. Ийнхүү гуравдагч хүчний орон зай дээр тоглолт хийж, Иргэний зориг, Ногоон намын нэгдлээс урьтаж үйл ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн тэдний хүсэл сонирхлын өмнө хаалт, хашилт гэж байхгүй болов.
Учир нь Улсын дээд шүүх тэднийг ямар ч тохиолдолд дэмжинэ гэдгээ удаа дараа илэрхийлчихлээ. Үүнийг нь манайхан л “Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийг удирдаж, Н.Энхбаярт намынх нь нэрийг өгүүлчихлээ” хэмээн хардаад байгаа болохоос бус тэд бодвол хуулийн дагуу л энэ шийдвэрээ гаргасан биз. Харин Ардын намынхан “Улсын дээд шүүх хууль зөрчсөн” гэдэг тодорхой үндэслэл гаргаж тавьсан. Тэдний хүлээж байсан хариу ч эсрэгээр гарсан. Ингэснээр Н.Энхбаяр ба түүний нөхөд гуравдагч хүчний төлөө мөрөөдлөө биелүүлэх их аянд мөрдөж буй нь энэ. Гагцхүү тэр аяллын баг нь хэр бат бөх, найрсаг, сэтгэл хийгээд зорилгой зөвтэй байхыг төсөөлөх аргагүй юм. Учир нь Н.Энхбаярын эхлүүлсэн улс төрийн шинэчлэлийн төлөөх багаас нь гэхэд л хоёрхон хүн үлдчихээд байна шүү дээ. Гэхдээ их замын эхэнд гээх нэгнээ гээж, татах нэгнээ татах хэрэгтэй байж болох л юм. Тийм болоод л “УИХ дахь Ардын намын бүлгийг МАХН-д эргэж ирэх ёстой” нэхэл хатуутай шаардсан биз ээ, Н.Энхбаяр дарга.
