Олон улсын жүдогийн өдөр буюу өчигдөр/10.28/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит “Grand Slam” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 33 орны 184 /эрэгтэй 111, эмэгтэй 73/ тамирчин оролцож байгаагаас өчигдөр хөнгөн жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг аваргын алтан медалийг хүртсэн бол дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болсон. Тус тэмцээнд манай улсаас М.Уранцэцэг ганцаараа оролцож байгаа юм.
Абу Дабигийн "Их дуулга"-д Бразилиас 20, Франц 17, Азербайжан 12, Герман, Польшийн 11 тамирчин очсон бол ОХУ-ын есөн эрэгтэй жүдоч оролцож байгаа аж. Тэмцээний эхний өдөр Франц улс хоёр алтан медаль хүртсэн бол Казахстан, ОХУ, Испани улс нэг алтан медаль хүртэв.
Абу Дабигийн "Их дуулга" маргааш өндөрлөнө.
Ч.БОЛОР