Гурван зууныг дамжсан сүм, дуганууд

Хуучирсан мэдээ: 2016.10.29-нд нийтлэгдсэн

Гурван зууныг дамжсан сүм, дуганууд

Алтан тэвшийн хөндийд анх шав тавьснаас хойш Улаанбаатар хот 377 дахь жилтэйгээ золгож байна.  Зуун зууныг дамнасан түүх арвин хотын үүсгэн байгуулагдсан энэ өдөр NEWS агентлаг “Миний хотын түүх” гэсэн нэн шинэ буланг нээн, уншигч танд өргөн барьж байна. Энэхүү булангийнхаа анхны дугаарт Улаанбаатарт байгаа хамгийн эртний түүхэн дурсгалт газруудыг танилцуулж байна. Тэртээ XYIII  зуунаас  өдгөөг хүрсэн цөөхөн дурсгал байдаг ажээ.


ДАМБАДАРЖАА ХИЙД БУЮУ ШАШНЫГ БАДРУУЛАГЧ СҮМ

Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг Манжийн хааны зарлигаар хоёрдугаар Богд Жавзундамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт II Богдын шарилын суваргыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон байна. 1778 онд тус хийдэд III Богдын шарилыг шилжүүлэн авчирчээ

Ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байв. 1938 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, хийдийн модон байшингууд, Махранзын сүм болон хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. 1990 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна. Тус хийдээс одоо Цогчин дуган /хийц төлөвлөлтийг нэлээд өөрчилсөн/, Жин хонх, Жин хэнгэргийн сүм, Түүхийн баруун, Зүүн сүм, Лаврин, хоёр Жотхан, Асар хаалга, хэрмийн үлдэгдэл, дөрвөн дуган үлдсэн. Хамгаалалтын зэрэглэл: Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоол, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор тус тус улсын хамгаалалтад авсан.


ЗҮҮН ХҮРЭЭНИЙ ЭРХЭМ ТОЙНЫ АЙМГИЙН ДУГАН БУЮУ ОДООГИЙН ДАШЧОЙЛИН ХИЙДИЙН САХИУСНЫ ДУГАН

Монголын үндэсний архитектурын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд хуучин Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуганы нэг нь юм. Түшээт хан аймгийн засаг ноён Рампилдорж 1737 онд тойн хэмээх сахил хүртэж, улмаар 1740-өөд онд хурлын сүм байгуулсныг II Богд Живзүндамба сайшаан түүнд Эрхэм тойн цол соёрхож, байгуулсан сүмд нь Эрхэм тойны аймаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нь тус аймгийн гурван дуганаас хэмжээгээр хамгийн том бөгөөд 19 метр голчтой, 6 метр өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагариг нуруутай, зассан чулуун суурьтай модон гэр дуган юм. Дуганы хурал номын үйл ажиллагааг 1938 онд хаасан бөгөөд 300-аад лам хурал хурдаг байв. 1990 онд Вангай, Эрхэм тойны аймгийн дуганыг түшиглэн одоогийн Зүүн хүрээ Дашчойлин хийдийг байгуулсан байна. Хамгаалалтын зэрэглэл: Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоол, сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор тус тус улсын хамгаалалтад авсан.


Д.СҮХБААТАРЫН АНХНЫ ХӨШӨӨ

Ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатарт зориулж 1930 онд Эрхүү хотын нэрт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр суварга буюу чоддин хэлбэрт хөшөөг Ардын цэнгэлдэх Бөмбөгөр ногоон театрын барилгын өмнө босгожээ. Энэ хөшөө бол Улаанбаатар хотын орчин цагийн анхны хөшөө юм. Хөшөөний дөрвөн талд зүмбэрлэн хийсэн зураг, нүүрэн талд Сүхбаатарын морьтой дүрс байдаг. 1946 онд төв талбайг цардаж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгоход уг хөшөөг Цэргийн ерөнхий сургууль буюу одоогийн Батлан Хамгаалах яамны хашаанд байрлуулжээ.

Байршил: Баянзүрх дүүргийн 5-р хороо Хамгаалалтын зэрэглэл: Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан байна.

Жанжинд зориулсан анхны хөшөө өдгөө Батлан хамгаалах яамны хашаанд байдаг гэнэ.

Жич: Энэхүү түүхийн материалыг Нийслэлийн аялал жуулчлалын газрын архиваас авлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж