Болдоо зааны аав гэх нэгэн өвөө “Шадар сайд аа! Өөрийнхөө хүчээр аваргалсан хүүг минь өмнөөсөө хүн барилдуулсан гэж гүтгэсэн байна. Ийм мэдээ бичсэн сэтгүүлчийг шийтгэх хууль байна уу?” гэж зарга нэхэн орж ирлээ. Барьсан сонинг нь үзвэл “Болдоо заан Буянаа начнаар давлаа” гэсэн өгүүлбэр байх юм.Шадар сайд хэл шинжээч урьж, өвгөний үг үнэн эсэхийг нягтлууллаа.
Хэл шинжээч “хэрэгтэй” танилцаж ийн хариулав. “Зарга үүсгэгчийн үг үнэн байна. “Болдоо заан Буянаа начныг давлаа” гэх байсныг “Болдоо заан Буянаа начнаар давлаа.” гэж тийн ялгалын нөхцөлийг буруу хэрэглэжээ. Тодруулбал зөв өгүүлбэрт Болдоо заан Буянаа начинтай барилдаад давсан нь тов тодорхой байна. Буруу өгүүлбэрт Болдоо заан давсан нь мөн тодорхой. Харин өөрөө биш, Буянаа начныг орондоо барилдуулаад давсан гэж ойлгогдож байна. Ингэж ойлгогдсоны учир нь тухайн зүйлийг хийхэд хэрэглэж байгаа юмыг үйл үгтэй нь холбодог үйлдэхийн тийн ялгалын “-аар, -ээр, -оор, -өөр” нөхцөлийг хэрэглэсэнд байгаа юм. “Дүү тамгаар хожлоо. Ээж даавуугаар оёсон. Аав онгоцоор ирэ.”гэх энгийн өгүүлбэрүүдээс энэ нөхцөлийн мөнөөх үүргийг мэдэж болно” гэв.
Хэн хүний хэлж л, сонсож л байдаг “Энэ бөх тэр бөхөөр давлаа” гэдэг буруу хэвшсэн өгүүлбэрийн учрыг хэл шинжээч ийн тайлж, өвөө заргаа авч, сэтгүүлч алдаагаа засаж, шадар сайд асуудлыг шударга, шуурхай шийджээ.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Өмнөөсөө хүн барилдуулж аваргалсан бөх хэний хэн бэ?” өгүүллийн хэсгээс