Г.Ариунбаатар: Би Сүлд чуулгаас ургасан мөчир

Хуучирсан мэдээ: 2016.10.31-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар: Би Сүлд чуулгаас ургасан мөчир

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ өдөр /2016.10.31/ төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгийн эзэн болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар болон түүний ээжтэй товчхон ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Тэрээр шагналаа гардан аваад Чингис хааны хөшөөний өмнө сэтгүүлчидтэй цөөн хором ярилцсан юм.


Г.АРИУНБААТАР: БИ СҮЛД ЧУУЛГААС УРГАСАН МӨЧИР

-“Чингис хаан” одонгийн эзэн болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Өнөөдөр Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн, Монгол түмний бахархлын өдөр нэр хүндтэй шагналаар шагнуулж, цаашдын ажил амьдралдаа маш том даалгавар авлаа. Нөгөөтэйгүүр түгшүүртэй басхүү баяртай энэ мөчид яг юу гэж эвлүүлж хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Таныг урлагт хөтөлсөн олон багш нартаа хандаж юу гэж хэлэх үү?

-Миний ололт амжилт, шагнал урамшуулал бүгд багш нар, монголын ард түмэн,  СУИС-ийн нийт эрдэмтэн доктор, профессор нарын маань хүч хөдөлмөр юм шүү. Д.Банди, О.Ичинхорлоо, Х.Уртнасан гээд маш олон багш нар маань болон Буриад Улсын Ардын жүжигчин ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Лонховоин багшдаа маш их баярлалаа. Би та нарынхаа хүч дэмжлэгээр өдий зэрэгтэй явна. Цаашлаад та нартаа болон монголынхоо ард түмэнд,  намайг дэмждэг нийт дэмжигчдэдээ өшөө илүү хичээх болно гэж амлая. Би 2009 онд шалгалт өгч “Сүлд” чуулгад анх орсон. Хамгийн анхны амьдралын гараа зөв эхэлбэл уран бүтээл, амьдрал нь зөв явдаг юм болов уу гэж боддог.  Энэ сайхан хамт олны дэмжлэг миний уран бүтээлд маш их нөлөөлөн. Тиймээс хамт олондоо баярлалаа. Би тэр дундаас ургасан нэг мөчир нь гэж өөрийгөө боддог.

-Та дараагийн уран бүтээл, зорилгоосоо сонирхуулахгүй юу?

-Би өнөө өглөө Монголдоо газардлаа. Энэ сарын 29-нд буюу уржигдар Мариинский театрт “Тоска” дуурьт дуулж зогссон бол одоо та бүхэнтэй баяраа хуваалцаж байгаадаа баяртай байна.  Би өнөө оройдоо  Москва руу буцаад ниснэ. Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд “Большой театр”-т “Тоска” дуурьт дуулна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн БНСУ, ХБНГУ зэрэг орнуудад аялан тоглолттой.

-Эх орондоо  тоглолт хийхээр товлосон уу. Товлосон бол хэзээ вэ. “Монгол сонгодог-2” тоглолт үргэлжлэх үү? 

-Эх орны тоглолт буюу “Монгол сонгодог” тоглолтоо жил бүр өргөн барих юмсан гэж боддог. Монгол сайхан бүтээлийг ард түмэндээ барьж,  үзэгчдэдээ ойлгуулах юмсан гэж миний зүгээс их хичээдэг. Тиймээс  энэ жил төлөвлөсөн, бодож яваа тоглолт бол байгаа. Гэхдээ гадаадын тоглолтуудаа харж байгаад маш сайхан тоглолт,  өвөрмөцөөр найруулан хүргэхээр бодож байгаа.


Д.БЯМБАСҮРЭН: ХҮҮ МААНЬ ДУУЧ ХҮҮХЭД БАЙСАН

“Чингис одон”-гийн эзэн дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатарын ээж Д.Бямбасүрэнгийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа. 

Г.Ариунбаатарын ээж Д.Бямбасүрэн

-Өнөөдөр маш их баяртай байна. Миний хүү өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээрээ Монголоороо дэлхий дахинаа цуурайтуулж тэрхүү хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн төрийн өндөр дээд шагнал гардан авлаа. Төр засгаас залуусынхаа хөдөлмөрийг үнэлэн урам хайрлаж ирлэж өгч байгаад баяртай байна. Энэ сайхан ид залуу насандаа ихийг хийж бүтээж хөдөлмөрлөж байгаа залуустаа урам өгсөн төр засагтаа маш их баярлаж байна.

-Хүүгийнхээ бага насны талаар дурсахгүй юу. Хүүхэд байхын л дуу хуурт дурладаг байсан уу?

-Манайх хоёр хүү, нэг охин гурван хүүхэдтэй. Ариунбаатар маань манай  айлын дунд хүүхэд, дээрээ нэг ахтай. Манайхан дунд урлагийн хүн байхгүй ч аль аль талдаа дууч удамтай. Хүү маань бол багаасаа л дуучин болох сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байсан. Адуундаа давхихдаа морин дэл дээр дуу аялан явдаг л хүүхэд байлаа. Сэргэлэн цовоо дууч л хүүхэд байсан. Тэр бүх хүсэл мөрөөдлийг нь гэр бүлийнх нь зүгээс дэмжсээр ирсэн. Хүү маань дуучин болох мөрөөдлөө зорилгоо болгон хөдөлмөрлөсөн. Мөн миний хүү олон сайн багш нарын хүчинд өдий зэрэгтэй дуучин болон нэрээ гаргаж яваад нь бахархдаг.

Г.Ариунбаатарын аав Ч.Ганбаатар

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж