-Бөөрний үйл ажиллагааг дэмжиж Улаан тан, Биеийн элчийг үүсгэх нарны хот мандал, Гоюу 5 мөн Сүгмэл 10г болон Гоюу 7-г архиар даруулж ээлжлэн уулгах монгол эм танг өгөхөд бөөр аяндаа тамир хүч орж, үйл ажиллагаа нь сэргэж цус болон шээсний шинжилгээ нь сайжирсаар диализынх нь тоо багассан байсан-
Анагаах ухааны доктор /Ph.D/, хүний их эмч Ү.Байгалмаагийн “Монгол эмчийн тэмдэглэл” номыг энэ удаагийн булангаараа онцоллоо. Зохиогч маань олон жил эмчилгээ хийх зуурт тохиолдсон жишээнүүдэд тулгуурлан бичсэн нь уг номыг амьд сонирхолтой, бусдад хэрэгтэй зөвлөгөөг багтааснаараа онцлог болжээ. Мөн уламжлалт анагаах ухааныг сонирхон судлах, өвчин зовлонтой хүмүүст туслах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн уйгагүй зүтгэсээр эмч, судлаач болсон түүний хувьд олон жилийн тэмдэглэлээ энэ номонд багтаажээ.
Ү.Байгальмаа эмч монголын уламжлалт анагаах ухааныг гадаад улс оронд таниулж байгаа эмч нарын нэг билээ. Тэрээр “Эрүүл энх урт наслахын нууц”, “Монгол эмчийн тэмдэглэл” хэмээх хос номыг бичжээ. Түүний “Монгол эмчийн тэмдэглэл” ном нь 25 бүлгээс бүрдэж, монгол эмчилгээний гайхалтай жишээнүүдийг олон багтаасан байна. Зохиогч олон жил эмчилгээ хийх үедээ өөрт тохиолдсон жишээнүүдэд тулгуурлан бичсэн нь номыг амьд сонирхолтой болгож өгчээ.
ЗОХИОГЧ НОМЫН ТАЛАРХЛЫН ХЭСЭГТ
-“Би бээр Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийн ерөнхий эмчилгээний ангийг төгссөн эмч хүн билээ. Гэвч надад Монголын уламжлалт анагаах ухаан буюу Тэжээхүйн ухааныг сурч мэдэх ховорхон аз завшаан тохиосноор хүний эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсэд хос морьтой зүтгэж яваа эгэл жирийн эмч билээ. Энэхүү Монголын уламжлалт анагаах ухааны үйлсэд зүтгээд эдүгээ гучаад жил өнгөрчээ. Энэ хугацаанд 20 гаруй жил Польш улсад ажилласнаас 19 жилд нь Doroto Koman хэмээх ухаалаг, шударга нэгэн бүсгүйтэй хамтран ажиллаж байна. Тэрээр хүүхдийн сувилагч байсан. Энэ номыг бичих болсон гол хүчин зүйл нь энэ бүсгүйтэй холбоотой. Учир нь намайг “Монголынхоо уламжлалт анагаах ухааны энэхүү гайхамшигтай онол, арга эмчилгээнийхээ туршлагыг бодит амьдрал дээр тохиолдож буй эдгээр жишээтэй холбон бичих хэрэгтэй дээ” гэж байнга ятгана. Тэгж энэ ном бүтсэн түүхтэй. Миний бие ухаант өвөг дээдсийн минь үлдээсэн эрхэм чухал эрдэм мэдлэгээс сурч мэдсэн гучаад жилийн бодит амьдралын туршлагаасаа бичиж уншигч тантай санал бодлоо хуваалцахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж олон арван судар бичгийг бичиж, хойч үе бидэндээ үлдээсэн эрдэмтэн мэргэд, эрхэм өвөг дээдэстээ ихэд талархан гялайснаа илэрхийлье. Номыг бичиж, хэвлүүлэхэд маш олон хувь хүний дэмжлэг байлаа. Та бүхэнд монголын уламжлалт анагаах ухааны буюу тэжээхүй ухааны талаар зөв цэгцтэй нэг ойлголт өгч чадвал, цаашлаад хэн нэгний амьдралд тус хүргэж чадвал бидний та бүхэнд үзүүлж буй хүндэтгэл хэмээн хүлээн аваарай” гэж Талархлын үгтээ бичжээ.
“Монгол эмчийн тэмдэглэл” ном Зүрх нь таван цулын хаан мэт, Элэг нь таван цулын хатан мэт, Чихрийн шижин өвчний талаар, Сэтгэлийг болон мэдрэл дагасан эмгэг өөрчлөлт, Хорт хавдрын тухай, Элдэв тохиолдлууд зэрэг 23 бүлэгтэй.
БӨӨР НЬ ГЭРИЙН ХОЁР БАГАНА МЭТ V БҮЛЭГ
Энэ бүлэг хамгийн их анхаарал татлаа. Эмч маань нэгэн эмэгтэйд бөөрний хүйтэн хий давамгайлснаас судал нь живэнхий, удаан лугших тул хүйтэн өвчнөөр тамир доройтсон гэж үзээд эхлээд шууд бөөрийг нь эмчилээгүй аж. Харин Тунгалаг5, Цагаантан, Анар4 зэргийг өгч ходоод гэдэсний үйл ажиллагаа, элэг, дэлүүг нь цэвэрлэн, дэмжиж цусны тамирыг нь сайжруулжээ. Улмаар бөөрний үйл ажиллагааг дэмжиж Улаан тан, Биеийн элчийг үүсгэх нарны хот мандал, Гоюу 5 мөн Сүгмэл 10г болон Гоюу 7-г архиар даруулж ээлжлэн уулгах монгол эм танг өгөхөд бөөр аяндаа тамир хүч орж, үйл ажиллагаа нь сэргэж цус болон шээсний шинжилгээ нь сайжирсаар диализынх нь тоо багасаад иржээ. Ингэж өвчнтөө эдгээсэн эмч иймэрхүү маш олон жишээг дурдсан байна. Мөн энэ хэсгийн төгсгөлд дараах зүйлийг бичжээ.
Бөөрний үйл ажиллагааг дэмжиж Улаан тан, Биеийн элчийг үүсгэх нарны хот мандал, Гоюу 5 мөн Сүгмэл 10г болон Гоюу 7-г архиар даруулж ээлжлэн уулгах монгол эм танг өгөхөд бөөр аяндаа тамир хүч орж, үйл ажиллагаа нь сэргэж цус болон шээсний шинжилгээ нь сайжирсаар диализынх нь тоо багассан байсан-
Саяхан Монголд маань бөөрний 32 диализын (Hemodialysis) аппараттай боллоо гэсэн мэдээ сонсоод нэг талаар болж дээ гэж бодох боловч нөгөө талаар сэтгэл маань бага зэрэг эмзэглэж билээ. Энэ аппарат нь бөөрний дутагдалд орсон хүнд хэрэгтэй байлгүй яах вэ чухал хэрэгтэй гэж хэлнэ.
Харин сэтгэл эмзэглэх болсон гол шалтгаан нь түүний цаашдын гаж нөлөөг нь тооцохгүйгээр шээсний шинжилгээ бага зэрэг өөрчлөлт өгсөн, цусанд мочевин, креатинин бага зэрэг ихэссэн, нүүрээр батга гарсан, ямар ч зовуурь шаналгаагүй хүн цусан дахь хороо цэвэрлүүлж байна гээд энэ аппратанд ордог болжээ.
Ингэж цусаа цэвэрлүүлсний дараа маш их хөлөрдөг болсон, нэгэнт л аппарат л юм хойно хүний биеийн хэрэгтэй уураг, эрдэс бодисыг хамтад нь шүүснээс дархлаа нь суларсан, цус багадсанаас ихэд амьсгаадсан, жирийн шээж байсан хүн дээрх аппаратанд ороод шээс хэт шингэрснээс давсагт үзүүлэх даралтгүй болсны улмаас бүр шээс нь гарахаа байсан зэрэг олон зовуурь шаналгааг олж над дээр ирж байсан билээ.
Бөөрний архаг өвчний талаар нэгэн жишээг дурдахад: Хөдөө нутгаас нэгэн эмэгтэй 20 настай хүүгээ үзүүлэхээр ирэв. Тэрээр “Дөрвөн хүүтэй бүгд одоогоор сурч боловсорч байгаа тул мөнгө төгрөгийн боломж их муу ядуу тарчиг амьдралтай” гэдгээ илэн далангүй ярин хүүгээ зөвхөн үзүүлэн зөвлөгөө авахаар иржээ. Хүү нь шээсэнд уураг, бактер, цусны улаан, цагаан эсүүд ихээр ялгардаг тул хүчтэй антибиотек, гормон, дархлаа бууруулах эмчилгээ ихээр хийлгэдэг бөгөөд шинжилгээ нь сайжрахгүй бол бөөрний диалез хийлгэх шаардлагатай гэсэн гэлээ. Тэр хүү тамирдан сульдсан нь илт уруу дорой нэгэн байсан тул өрөвдөж “Эмчилгээг тогтмол хийлгэнэ гэвэл үнэгүй эмчилгээ хийе” гэлээ. Ээж, хүү хоёр дуртай зөвшөөрч эмчилгээг эхлэв. Эмчилгээний дүнд бие нь эрс сайжран хүч тамирыг олж сүүлдээ трактор унан эцэг эхдээ туслах болж баяр хөөртэй ирдэг болов. Нэгэн өдөр ээж нь нэлээд омогтойнхон орж ирээд:
-Удахгүй тэтгэмж сунгах хурал болно. Гэтэл хүүгийн шинжилгээ сайжирсан тул хэсгийн эмч энэ шинжилгээний дүнг үндэслэн тахир дутуугийн тэтгэлгээс хасагдана байх гэсэн. Яавал шинжилгээг муу гаргаж болох вэ? гэлээ. Би:
-Хүү чинь эрүүл болоод ажил хийвэл өөрт нь ч хэрэгтэй арай илүү орлого олох боломж гарах бишүү гэсэнд:
-Та амьдрал мэдэхгүй байна манай энд ажил олддоггүй. Энэ тэтгэмж нь биднийг тэжээдэг гол мөнгөн орлого мэдэж байна уу гээд л нэлээд бухимдангуй байв. Түүний энэ байдлыг хараад:
-Та над дээр тэгээд яах гэж ирснийг би нэг л сайн ойлгохгүй байна. Хүү чинь уг нь эмчилгээнийхээ үр дүнг хадгалах эмчилгээ бага зэрэг хийлгээд л дахин өвдөхгүй байж болно шүү та хүүгээ аваад ирэхийг бодоорой гэтэл тэрээр намайг нэг том харчхаад “Хн, үүнтэй ч юу ярих вэ дээ” гэсэн аятай гараа савлаад гараад явж билээ.
Энэ залуугийн хувьд судал нь түргэн бөгөөд живэнхий дорой тул дотор халуун нь биеийн тамирыг шатааж дээр нь архаг өвчтэйн шинж байсан тул халууныг арилгах бөөрийг сэрүүтгэх зарчмаар Гурван улааны тан, Баатар 7, Бираг 13, Халма 10, Бөөрний арүр 10, Арүр 18-г чихэртэй усаар даруулж ээлж дараалан уулгах зэргээр бөөрний үрэвслийг дарахын хамтаар Эс шингэсний анар 8, Амь баригч чандмань эрдэнэ зэрэг эм тангаар элэг, дэлүү ходоод гэдэсний үйл ажиллагааг тэгшитгэж өгснөөр цусны тамир сайжирч улмаар зүрх, тархины үйл ажиллагаа сэргэн ирсэн байлаа. гэсэн байна. /Энэ хэсэг номын 98-114 хуудсанд бий./
Зохиогч номынхоо Төгсгөлийн үгэнд “Энэхүү номонд эмчилгээнийхээ тухай тодорхой бичив. Учир нь уншигч таныг монгол гэж эм, тан ямар нэртэй яаж эмчилдэг зэрэгтэй танилцаасай гэсэндээ бичсэн билээ. Гэхдээ энэ нь эдгээр эмчилгээг дуурай хийгээрэй гэсэн үг биш юм. Монгол эм, танг өгөх болон эмчилгээг хийхдээ тухайн хүнийхээ махбодын онцлог, явдал мөр, идээ ундаа тэр ч бүү хэл өссөн төрсөн орчин одоогоор оршин байгаа газар нутгийн онцлог, байгал цаг уур, нас хүйстэй нь уялдуулан, хамгийн гол нь судлын байдалд нь тохирсон эмчилгээг хийж байж зохих үр дүн гардаг. Тухайлбал гурван хүн ханиад хүрсэн байхад гурвууланд нь адилхан эм өгөхөд нэг нь хурдан эдгээд нөгөөх нь хэвээр гуравдахь хүндэрч өвчин нь архагших тохиолдол байдаг. Монгол уламжлалт анагаах ухаан нь тухайн хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдгээрээ онцлог давуу талтай энэ утгаараа ч гайхамшигтай анагаах ухаан юм.” гэсэн байна.
Анагаах ухааны доктор (Ph.D), хүний их эмч Ү.Байгалмаа өдгөө Польш улсад монгол уламжлалт анагаах ухааныг түгээсээр байгаа бөгөөд түүний бичсэн "Эрүүл энх урт наслахын нууц", "Монгол эмчийн тэмдэглэл" хос номыг номын их дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ