Та хоёрын хамтын амьдрал яаж байна?

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Та хоёрын хамтын амьдрал яаж байна?

Энэ дэлхий дээр тоо томшгүй олон ном, цахим хуудас гэр бүлийн амьдралыг хэрхэн аз жаргалтай болгох тухай зөвлөдөг. Гэвч заримдаа яг цагаа олоод хоёр тийшээ болох юу юунаас илүү чухал байх үе бий. Хүн бүрийн хамтын амьдрал өөр өөр. Асуудлыг өөр өөрөөр харж, шийдэж, амьдралыг өөр өөрөөр үнэлдэг. Гэхдээ л хамтын амьдралыг хэн хэндээ аз жаргалтай, сэтгэлд өег байлгахын төлөө хоёулаа хичээдэг, ярилцдаг, асуудлыг шийдэх арга замыг хамтдаа хайдаг байх хэрэгтэй. Хамтын амьдрал бүтэл муутай болж эхэлснийг, та хоёрын зам цаашдаа нэгэн зүгт нийлэх боломж хомсхон болж буйг сануулах нийтлэг шинж тэмдгүүдийг зөвлөж байна.


-Та хоёр нэгэн хос байхаа болих. Өөрөөр хэлбэл та хоёр бие биеэсээ хөндийрөх. Тус тусынхаа ажил дээр, тус тусынхаа найзуудтай эсвэл интэрнэтийн ертөнцөөр аялан хамаг цагаа тус тусдаа өнгөрүүлдэг болсон бол. Хамтдаа байх нь хамгаас сайхан байдаг байсан мэдрэмж өнгөрсөн цаг дээр дурсагдаж эхэлсэн бол шүү дээ.


-Хамтын шийдвэр гаргахаас татгалзах. Гэр бүлийн хүрээний ямар нэг асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замыг цугтаа хайхаас хэн нэг нь татгалзах. Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь ямар нэг асуудлыг шийдэх гэж толгойгоо гашилгаж, харин нөгөө нь огт падгүй гэсэн шиг яваад байвал юуны хамтын амьдрал байх билээ.


-Бие биенээ хүндлэхээ болих. Гэр бүлийн амьдрал эрүүл байх үндэс бол харилцан хүндлэл. Энэ эрхэм чанар алдагдсан үед хосын хэн нэг нь байнгын доромжлогдон, дээрэлхүүлж байгаа мэт, ад үзэгдэж байгаа мэт гашуун мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдэрнэ.


-Хэн нэг нь байнгын худал амлалт өгдөг болж эхэлбэл. Жишээлбэл, “Би чамайг дахин хэзээ ч хуурахгүй” гэх зэргээр мөнхийн амлалт өгч, тэр нь дахин дахин давтагдаж эхэлбэл.


-Гэр бүлийн хоёрын хэн нэг нь хүүхэдтэй болохыг хүсээд, харин нөгөө нь хүсэхгүй бол.


-Чин сэтгэлээсээ ярилцах хүсэлгүй болбол. Өөрөөр хэлбэл та хоёрын дунд амьд харилцаа үгүй болж эхэлбэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж