“Монголын нууц товчоо”, “Тэмээ”, “Сэлэм” зэргийг цагаан муутуу цааснаа бэхээр буулгаж, уран нарийн санаа өгүүлэмжээр илэрхийлсэн олон сайхан уран бичлэгүүд олны мэлмийг баясгаж харагдана. “Энэ юу гэж бичсэн байна вэ”, “Яаж ингэж бичдэг байна” хэмээн уулга алдан ярилцах хүмүүсийн яриа чихэнд дуулдав. ”Ийн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн монголын Уран зургийн галерейд зургаа дахь жилдээ нээлтээ хийн, шилдгүүдээ тодруулж буй нь энэ ажээ.
Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2016.10.28/ Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үүдээ нээлээ.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн олон ард түмний дундаас сонгодог хэмжээнд хүрсэн өв соёлтой ард түмэн монголчууд. Энэ бүхэн бидний сэтгэл зүрхэнд оршиж байх ёстой. Өчигдөр манай уран бичлэгтнүүд маань хуралдаж, уран бичлэгийн олон улсын холбоог байгуулж байгаа юм байна. Энэ холбоонд монгол туургатан ахан дүүс нэгдэж байгаад туйлын их баяртай байна. Энэ сайхан санаачлага улам өргөжиж, хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн хэлсэн юм.
Үндэсний бичиг үсгийн тэргүүлэгч шагналыг хүртсэн залуу уран бичээч Э.Анхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнд өөрийн “Оюунтүлхүүр” хэмээх бүтээлээрээ оролцож, тэргүүн байрын эзнээр шалгарсандаа баяртай байна. Миний хувьд монгол бичгээр уран бичлэг бичээд найман жил болж байна. Сүүлийн дөрвөн жил энэхүү үзэсгэлэнд тасралтгүй оролцож байна. Үеийнхэндээ хандаад үндэсний бичиг соёлоо дээдэлж, яваарай хэмээн хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Анх 2011 оноос уламжлал болгон зохион байгуулж буй тус үзэсгэлэн жил ирэх тусам өргөжиж, энэ жил таван улсын 40 гаруй уран бүтээлчид уран бичлэгээрээ оролцож байна.
Үзэсгэлэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бичээч Үнэнчбаатар дэд байрын эзнээр шалгарсан бөгөөд тэрбээр “Би монгол бичгийг долоон настайдаа сурсан. Харин уран бичлэгээр 1996 оноос хойш идэвхтэй хичээллэж ирсэн. Тэгээд уйгаржин, эртний монгол бичиг зэрэг олон хэлбэрээр бичдэг болсон юм. Бидний монгол угсаатны хамгийн сайн мэдэх “Монголын нууц товчоо” судрыг бүтээлдээ буулгасан байгаа. Би судар маягаар бичиж, хийснээрээ онцлог болсон гэж бодож байна” гэсэн юм.
Үзэсгэлэнгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн сонирхуулж байна. Мөн Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ сарын 30-наас 10 хоногийн турш үзэсгэлэнгээ дэлгэх гэнэ.
Уг үзэсгэлэнг ангийнхаа найзтай сонирхож яваа МУБИС нэгдүгээр курсийн оюутан Д.Ганцэцэг “Анх удаа “Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнг сонирхож байна. Үгийг бичихийн тулд тэр үгээ дүрслэн илэрхийлсэн нь үнэхээр гайхалтай санагдаж байна” хэмээн ярилаа.
А.СҮРЭН