Ийм нэгэн сонирхолтой судалгааг НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан “Дэлхийн хүн амын байдал 2016”тайланд дурджээ. Дэлхийн хүн амын байдлыг Монгол Улсад танилцуулах өдөрлөг маргааш /2016. 11.01/ Блю Скай зочид буудлын Топаз танхимд болох юм байна.
НҮБ-ын Хүн амын сан энэ жилийн тайландаа 10 настай охидын асуудлыг онцолж, “Энэхүү шийдвэрлэх насандаа байгаа охидоос бидний ирээдүй хэрхэн хамаарах”-ыг тайлбарлажээ. 10 гэдэг бол нас бие гүйцэх шилжилтийн насны эхлэл. Өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 60 сая охидыг хэр дэмжихээс бидний ирээдүй хамаарч байгааг уг тайланд онцолсон байна.
2015 онд дэлхийн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд өнөөгийн 10 настай охид 2030 онд 24 настай болно. НҮБ-ын хөгжлийн зорилт нь хэнийг ч орхилгүй хөгжүүлэхийг чухалчилж байгаа ч шилжилтийн насны эхлэл болох 10 настай сая сая охид жил бүр хөгжлийн үр шимийг хүртэж чадалгүй орхигдож байна.
Өнөөгийн 10 настай охид цаашид 15 жилийн турш эрүүл саруул амьдарч, сурч боловсрон, үр өгөөжтэй амьдрах эсэхээс энэхүү хөгжлийн зорилтууд амжилтад хүрэх эсэх нь шийдэгдэнэ. Өнөөдөр 10 настай охидод үр дүнтэй хөрөнгө оруулалт хийхгүй бол цаашид нэлээд хэдэн жилийн турш эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд саад тотгор учирч болзошгүй гэж үзжээ.
А.АЯЛГУУ