“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр эзэнгүй ачаанаас дохиолол өгч, онгоцны буудлынхан ачааг яаралтай шалгах, тэсэрч дэлбэрэх зүйл байж болзошгүй хэмээн сэжиглэх үүднээс шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай дуудлага 18.00 цагийн үед ирсэн бөгөөд тус газраас бүлэг томилон онгоцны буудал руу явуулсан ч асуудал үүсгэсэн ачааны учрыг олсон тул буцаажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр ачааны эзэн олдсон бөгөөд түүнд цахилгаан хэмжих багаж зэрэг зүйлс байсан бололтой.
“Чингис хаан” нисэх онгоцны буудлынхан зорчигчдын аюулгүй байдал, бусад ноцтой нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хоёр давхрын заалан дахь зорчигчдыг гарган, орох гарахыг түр хаан, шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээ авсан байна. Мөн цагдаагийнхан онгоцны буудлын ойр орчмыг хамгаалалтад авч, тэсэрч дэлбэрэх зүйлс байж болзошгүй тохиолдолд хамгаалах нөхцөл байдлыг сахин ажиллажээ.
Асуудлын учир тодорхой болсон тул одоо онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.
Б.ЭНХ