117 нэр дэвшигч тэнцүү саналтай байна

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

117 нэр дэвшигч тэнцүү саналтай байна

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын Ерөнхий газраас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа өнөөдөр /2016.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд танилцууллаа. Энэ үеэр Архивын Ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нар оролцож, өөрсдийн байгууллагын хийсэн ажлаа тайлагнасан юм.

Архивын Ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн онцлох ажлуудаа нэрлэсэн юм. Үүнд:

  • “Монгол-Хятадын түүхэн харилцаа” хамтарсан үзэсгэлэн гаргасан

“Монгол-Хятадын түүхэн харилцаа” үзэсгэлэн гаргасан БНХАУ-ын  Төрийн архивын удирдах газартай хамтран архивын гэрэл зургийн хамтарсан “Монгол-Хятадын түүхэн харилцаа” үзэсгэлэнг  өнгөрсөн наймдугаар сарын 16-наас гаргасан. Мөн байгууллагынхаа цахим хуудаснаа байршуулж, олны хүртээл болгожээ. Мөн 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хийгэдсэн алтан үеийн киног “HD” хэлбэрт шилжүүлж, олны хүртээл болгох гэнэ.

  • Хүн амын тооллогын лавлагааг хоёр хоногт олгоно

Монгол Улсын 1924-1929, 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын лавлагааг ажлын хоёр хоногт олгох боломжтой бүрджээ. Мөн 1989 оны хүн амын, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх программ хангамж боловсруулж дууссан байна. Тус газар  1674 оноос хойшхи  350 жилийн бичиг баримт хадгалагдаж байгаа бөгөөд тооллогын баримтын 14 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа ажээ. Ирэх 2020 онд энэ ажлыг 30 хувь болгохоор ажиллах гэнэ.

  • Архив лавлах утастай болжээ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 1800-1205 дугаартай лавлах утсыг энэ оны аравдугаар сарын 3-наас эхлэн ашиглалтад оруулав. Лавлах утас нь ажлын өдрүүдэд 8.30-17 цагийн хооронд энгийн тарифаар үйлчилж байна. Сүүлийн 100 хоногийн хугацаанд 3320 иргэн, байгууллагаас 8250 архивын лавлагаа, магадлагаа хүлээн авчээ. Мөн ирэх арваннэгдүгээр сараас архивын лавлагааг цахимаар захиалан авдаг болох гэнэ.


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү дараах ажлуудыг танилцууллаа.

  • 117 нэр дэвшигч тэнцүү саналтай байна

Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2016 оны аравдугаар сарын 23-ны байдлаар нийт сонгогчдын 60.72 хувь буюу 1166462 сонгогч сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн байна. Аймгуудын дүнгээр нийт санал өгсөн сонгогчдын 64,21 хувь буюу 677911 сонгогч, Нийслэлийн дүнгээр 56.46 хувь буюу 488551 сонгогч саналаа өгчээ. Одоогийн байдлаар дахин санал хураалт явуулах 58 хэсэгт 117 нэр дэвшигч тэнцүү саналтай байгаа ажээ.

  • Гадаад паспортын нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ

Иргэдийн гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, дөрвөн удаагийн татан авалтаар нийт 80 гаруй мянган ширхэг бэлдэцийг нийлүүлсэн. Мөн ирэх долоо хоногоос гадаад паспортын сунгалтыг Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох Мишээл, Драгон, Дүнжингарав үйлчилгээний төвүүдэд захиалгыг хүлээн авч, сунгаж үйлчлэх гэнэ.

  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт цахимжуулж байна 

Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж улсын хэмжээнд есөн дүүрэг, найман аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт цахим хэлбэрт шилжсэн байна. Удахгүй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн архивын баримтыг үргэлжлүүлэн цахимжуулна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж