Эдийн засгийн байнгын хорооныхон 280 цаг хуралджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооныхон 280 цаг хуралджээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлаа тайлагналаа. Хаврын чуулганы туршид тус байнгын хороо нийтдээ 22 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 70 гаруй удаа хуралдаж, эдгээр хуралдаанд  280 гаруй цаг зарцуулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж УИХ-аас шийдвэр гаргах, Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлж батлуулах,  2010 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргах, Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Зээлийн мэдээллийн тухай, Компанийн тухай зэрэг томоохон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж оруулах, хянан шалгах үйл ажиллагааны чиглэлээр зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2010 оны ажлын тайлан, мэдээлэл  хэлэлцэх зэрэгт чиглэжээ.

Хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 40 шахам санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр  байнгын хорооноос 20 шахам ажлын хэсгийг байгуулан  ажиллууллаа.

Ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын  хороогоор хэлэлцүүлсэн 33 хууль, бусад шийдвэрийн 15 хувь болох зургаан хууль, бусад шийдвэрийг эцэслэн баталжээ. Мөн олон улсын гурван гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, бусдыг нь анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд шилжүүлжээ. Ээлжит чуулганы хугацаанд баталсан зургаан хууль, бусад шийдвэрийн тав нь УИХ-ын тогтоол байгаа юм.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тус байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тусгайлан хэлэлцжээ. Үндсэн чиглэлд тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийг шуурхай хангаж УИХ-д танилцуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд тавих дотоод хяналтыг хүчтэй болгох, хяналт-шинжилгээ,  үнэлгээний талаарх Засгийн газрын байгууллагуудын чадавхийг сайжруулах, Үндсэн чиглэлийн биелэлтийг үйл ажиллагааны хэрэгжилтээр бус, үр дүнд суурилсан үнэлгээ, аргачлалаар дүгнэж байх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн тогтоолыг батлан гаргасан байна.  Мөн жил бүр баталдаг хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-аар анх удаа тусгайлан авч хэлэлцсэн нь хяналтын томоохон арга хэмжээ болсныг тайланд онцлон тусгажээ.

Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010-2015 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх ажлыг тусгажээ. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд ялангуяа ашигт малтмал, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлэх, бэлтгэлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх чиглэлээр төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэн иргэн бүрт эх орны хувь, хишиг хүртээх, ажил хөдөлмөр эрхлэх, орлоготой болоход нь төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэхэд  Үндсэн чиглэлийг чиглүүлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж