Москва шинэ зүрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Москва шинэ зүрхтэй боллоо

Бүтэн зургаан жил үргэлжилсэн Их театрын засвар, өргөтгөлийн ажил дуусаж, хойд хөршийн нийслэл ЮНЕСКО-гоос талархлын үг сонсов. Хоёр зууны түүхтэй домогт театраа шинэ болгон сэргээн засварласанд нь баяр хүргэлээ. Харин Москва хотын орлогч дарга Владимир Ресин энэ үйл явдлыг зүрхний өвчтэй хүнд шинэ зүрх шилжүүлэн суулгасантай адилтгав.

Театрыг барихад ашигласан мод материалыг шинжилж судлан, акустик дуугаралтыг хэвээр хадгалахын тулд яг ижил шинж чанартай материалуудыг олж өргөтгөлд ашиглажээ. Одоо театрын танхим яг л 200 жилийн өмнөх шигээ дуугаралттай байгаа гэнэ.

Ирэх сарын 1-нд театрын засварын ажлыг мэргэжлийн комисс шалгана. Хэрэв шалгалтын комисс хангалттай дүн тавьбал ирэх есдүгээр сард “Руслан Людмила хоёр” дууриар дахин мэндэлсэн театр зургаан жил завсарласны эцэст хөшгөө нээнэ. Үүний дараа есдүгээр сарын сүүлчээр болох хүндэтгэлийн гала тоглолтыг Оросын урлаг соёл болоод улс төрийн хүрээний элитүүд урилгаар үзнэ. Харин аравдугаар сарын 2-ноос ердийн хуваарьтаа орон тоглолтууд үргэлжлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж