ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ – 2016.10.27
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд томилно гэдгээ мэдэгдлээ.
- Гүйцэтгэх захирлыг томилохдоо ажил мэргэжлийн туршлага зэрэг тодорхой шалгуур тавьж буй юм байна.
- Энэ оны төсөвт 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор Сургалтын зээлийн санд төвлөрүүлэхээр тооцсон. Шалгуурын тухайд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд баклаврын зэргээр суралцаж байгаа оюутанд сургалтын зээл олгоно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээллээ.
- Баянзүрх дүүргийн иргэд дүүргийнхээ Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Учир нь тус дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн гарч АН-аас 22 суудал, МАН-аас 19 суудал авсан боловч дүүргийн Сонгуулийн хороо нь АН-аас ялалт байгуулсан 22 нэр дэвшигчийн зургааг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг иргэд эсэргүүцэн жагслаа.
- Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
- Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөг байгаа талаар Үндэсний статистикын хорооноос мэдээллээ.
- Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /10.27/ боллоо. Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөлөлийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэлээ.
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Ц.Ням-Осор Монгол Улсын хэмжээнд төрийн өмчит 89 үйлдвэр, аж ахуй нэгж, компани үйл ажиллагаа явуулж байна.Үйл ажиллагаа нь зогссон 7-8 компани аж ахуйн нэгж байдаг ажээ. Эдгээр компаниудын хувьд сүүлийн жилүүдэд өр, авлагын хэмжээ эрс нэмэгдсэнийг онцоллоо.